Оюутолгойн гэрээг хийхдээ хувийн ашиг сонирхол агуулсан байж болзошгүй. Албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа Ерөнхий сайд асан С.Баяр Өдрийн сонинд ярилцлага өгчээ.
Түүний хэргийг өнгөрсөн зун наадмын дараа шүүхэд шилжүүллээ хэмээн мэдээлж байсан. С.Баяр өдөр тутмын сонинд тайлбар өгч байгаагаас харвал шүүх хурлын сураг хэзээ мөдгүй дуулдах шинжтэй. Цагаан захтнуудын хэрэг АТГ-д шалгагдаж, прокурорт хянагдан, шүүхэд шилжих дөхөхөөр нэр холбогдсод нь хэвлэлд тайлбар өгч, өөрсдийгөө хамгаалах аргыг эрэлхийлж эхэлдэг жишээ Монголд бий.
Юутай ч С.Баяр: Оюу толгойн гэрээ байгуулснаар Монгол Улсын “гурав дахь хөршийн” бодлого маань бодитоор хэрэгжиж эхэлсэн. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын хэмжээ нь (4.2 тэрбум ам.доллар) уламжлалт хоёр хөршийн нийлбэр дүнгээс (3.1 тэрбум ам.доллар) давж гарсан.Энэ бол чиний асуусан геополитик тал нь.
Эдийн засаг талаасаа Монгол Улсын эдийн засаг тэлж, 2001 онтой харьцуулахад 2011 онд 10 дахин томорч, эдийн засаг бизнесийн үсрэнгүй хөгжлийн “бүүм” эхэлсэн. Оюу толгой төслөөс улсын болон орон нутгийн төсөвт 2.1 тэрбум ам.долларыг татвараар хуримтлуулсан.
Надад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Асуудал АТГ дээр байгаа. Шалгаж гүйцлээ гэж үзвэл хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх учиртай. Тэрний өмнө надад танилцуулах естой. Би тэрнийг нь үзэж танилцах эрхтэй. Гэтэл энэ материалууд надад биш, аль нэг албан тушаалтан дээр очиж байна. Бүр цаашлаад хэвлэл мэдээллийн байгууллагад хүрч, гүтгэлэгт нийтлэлийн сэдэв болж байна.
Т.Аюурсайхан гартаа нэг хавтас барьчихаад чуулганы хуралдаан дээр сүржин мэдэгдэл хийсэн. Гартаа барьсан зүйл нь надад үүсгэсэн эрүүгийн хэргийн материал юм билээ. Мөрдөн байцаалтын явцад хийсэн шинжээчийн дүгнэлт. Хавтаст хэрэгт байгаа материалыг УИХ-ын гишүүн тэр залуу яаж ч юм олоод авчихсан, чуулганы танхимд дэлгэж үзүүлээд байсан. УИХ-ын чуулганыг шүүх хурал шахуу болгон, намайг яллаад унасан. Шүүх хурал юм бол намайг ингэж “эчнээ” яллах учиргүй. Тэр шүүх хуралд нь би бас оролцож, үгээ хэлэх эрхтэй баймаар. Ерөөс хэргийг шүүхэд биш УИХ-д шилжүүлдэг, тэгээд УИХ-ын аль нэгэн гишүүн хэрэг шүүдэг, ялладаг болж байгаа юм уу. Хууль тогтоогч хуулиа ингэж завхруулж болох уу гэх мэт асуудлыг сөхөн хөндөөд авчээ.
Б.БАЙГАЛЬ