Индонезийн Малуку мужийн ойролцоох тэнгисийн бүсэд 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж, одоогийн байдлаар хүний амь эрсдээгүй, эд хөрөнгийн хохирол гараагүй гэж Индонезийн цаг уур, геофизикийн газраас өчигдөр (2019.09.26) мэдэгдлээ.
Газар хөдлөлт Жакарта хотын цагаар 02:53 цагт болж, газар хөдлөлтийн төв нь Малуку мужийн Таннимбар арлаас баруун хойд чигт 165 километрийн зайд байрлаж, газар хөдлөлтийн голомтын гүнийн хэмжээ 11 километр байна гэж тогтоожээ.
Индонез улс нь номхон далайн газар хөдлөлтийн бүсэд байрладаг ба жил болгон хэдэн мянган удаагийн газар хөдлөлтөд өртдөг аж.
Эргэн сануулахад, 2018 оны есдүгээр сард Индонезийн Сулавеси мужид 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн улмаас цунами үүсч 2000 гаруй хүний амь нас хохирч байсан билээ.