Монголын хүүхдийн уран гимнастикийн баг тамирчдын сууж явсан аялалын автобус өчигдөр (2017.05.07) Байгаль нуурын орчимд осолджээ. Тэд ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан аж. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
Осол Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд буюу олон улсын А-350 зам дээр 17:15 цагийн орчимд гарсан байна.
Автобусанд нийт 18 хүн сууж явсан бөгөөд 6-10 насны 15 хүүхэд, гурван багшийн хамт байжээ. Тэдний хоёр нь толгойдоо хүнд гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна. Харин үлдсэн хүүхэд, багш нарын биеийн байдал сайжирч, осол амь наснаас нь холуур өнгөрчээ.