Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд 2017 оны 5 дугаар 5-ны өдөр болов.
Москва дахь Элчин сайдын яамнаас Москва хотын Засгийн газартай хамтран зохион байгуулсан энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Г.Б.Карасин, ОХУ-ын Дотоод хэргийн орлогч сайд И.Н.Зубов, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.М.Миронов, Москва хотын Думын дарга А.В.Шапошников болон Москва хотын Засгийн газрын төлөөлөл, ахмад дайчид, ЭСЯ-ны ажилтнууд, Москва хотод амьдарч, ажиллаж, сурч буй Монгол иргэд, оюутнуудын төлөөлөл оролцов.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2015 онд тохиосон Их Ялалтын 70 жилийн ойд Монголын ард түмэн онцгой ач холбогдол өгч, өргөн хүрээнд тэмдэглэх үеэр иргэн Б.Ганбаяр энэхүү хөшөөг санаачилж, уран барималч А.Очирболд бүтээснийг товч танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар хүрэлцэн ирж оролцохдоо хөшөөг танилцуулж, гардуулан өгснөөс хойш 2 жилийн дараа Их Ялалтын 72 жилийн ойн босгон дээр Оросын ард түмний ариун газар болох Хүндэтгэлийн дэнж дэх цэцэрлэгт хүрээлэнд ийнхүү хүндэтгэлтэйгээр байрлуулсанд ОХУ-ын төр, засгийн удирдлага, Москва хотын захиргаа, Гадаад хэргийн яаманд тэрээр талархал илэрхийлэв.
Элчин сайд Б.Дэлгэрмаа Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх цэцэрлэгт хүрээлэнд болж буй өнөөдрийн арга хэмжээ хоёр орны харилцааны түүхэнд тэмдэглэгдэн үлдэх онцгой ач холбогдолтой үйл явдал гэдгийг онцлоод хөшөөг байрлуулах ажилд бүх талын дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, Москва хотын захиргаа, Гадаад хэргийн яаманд талархал илэрхийлэв.
Түүнчлэн хөшөөг байрлуулах ажлыг хэрэгжүүлсэн Москва хотын Соёлын өвийн газрын хэлтсийн дарга С.А.Половинкин, зөвлөх Ю.А.Логинова, олон улсын хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн С.И.Савин, архитекторч А.К.Тихонов, В.В.Перфильев, ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Ганболд нарт тусгайлан талархал илэрхийлж, баяр хүргэв.
ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Г.Б.Карасин, Москва хотын Думын дарга А.В.Шапошников нар мөн үг хэлж, баярын мэнд дэвшүүлэв. Хүндэт зочдыг үг хэлсний дараа нийт оролцогчид “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Эх сурвалж: news.mn