Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээ, тулгамдсан асуудал сэдэвт уулзалт өнөөдөр /2019.09.19/ нээлттэй нийгэм форумд боллоо.
Уулзалтын зочноор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын ахлах мөрдөгч, хошууч Б.Мандухай болон Монгол Улсын Хүний эрхийн комиссын гишүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэхүү уулзалтаар хар тамхины хор хөнөөл, залуу үеийнхэндээ хэрхэн хор уршгийг ойлгуулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар санал солилцов.
Сүүлийн жилүүдэд хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ залуусын дунд газар авч, энэ төрлийн гэмт хэргийн тоо төдийлөн буурахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Нэгэн жишээ дурдахад “Манай найзын хүү хар тамхинд ороод амьдрал нь орвонгоороо эргэсэн. Ямар сайхан ажилтай, эцэг эхдээ тусч хүү байлаа. Хар тамхинаас болж бүх юмаа үгүй хийсэн. Тухайн үед найзын маань хүү хувийн компанитай, ажилтай, орлоготой явж байгаад л хар тамхийг нэг л удаа хэрэглээд буруудсан даа. Сүүлд нь амьдарч байсан байшингаа зарах дээрээ тулаад арай гэж больсон. Тэгээд эцэг эх нь хүүгээ хаяхаас өөр яах юм бэ. Гялалзсан сайхан залуучууд энэ зүйлд уруу татагдаж амьдралаа алдаж байна” хэмээн 50 орчим насны эмэгтэй харамсангуй ярьж байлаа.
Өөр нэгэн жишээ “Манай хамаатны хүү хар тамхины хэрэгт холбогдчихоод эмнэлэгт хандсан боловч өнөөх эмнэлэг нь цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байсан. Бид хүүхдээ эрүүл болгоё гээд зүтгэсэн боловч шууд л ял шийтгэл оноочихлоо. Өөрөөр хэлбэл, хар тамхинаас ангижиръя гээд очиход тухайн хүүхдийг улам л цаашаа явуулчихлаа. Тэгэхээр хар тамхины хэргээр ял оноохоос бус хэрэглэгчдийг эмчлэх нь чухал байна” хэмээн ахимаг насны иргэн ярисан юм. Үүнээс харахад хар тамхины хэрэглээнээс бид өөрсдөө татгалзаж болох ч гэр бүлийн гишүүдээ хэрхэн урьдчилан сэргийлэх нь тулгамдсан асуудлын нэг болсныг оролцогчид онцолж байв.
Уулзалтын үеэр хошууч Б.Мандухай “Хар тамхи хэрэглээд гэр бүлийн гишүүдээ эдийн засаг, сэтгэл санаагаар хохироож байгаа нь гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр байх. Хар тамхины хэргээр шалгагдаж буй этгээдүүд цаанаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байж болзошгүй. Яг нарийн судлаад үзвэл нэлээд өндөр тоо гарах болов уу. Монгол Улс мансуурах болон, согтуурах донтой иргэдийг албадан эмчлэх тухай хууль батлагдсан. Хууль батлагдсан боловч эмнэлэг байхгүй нь харамсалтай. Энэ төрлийн бодист донтоод байгаа хүнийг ял шийтгэхдээ биш, сэтгэцийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй” гэлээ.
Тоон мэдээллээс дүгнэхэд: хар тамхитай холбоотой хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 30 орчим хувиар нэмэгджээ. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч гарах болсныг харж болно. Нийт хүний 282 нь буюу 85.4 хувь нь 18-35 насны залуучууд байгаа бол нийт холбогдогчийн дотор 13 сурагч, төрийн албан хаагч дөрөв байна. Шуудан илгээмж ашиглан гаднын орнуудаас Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа юм байна. Дээрх тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна.
1 comment
Сайн дураараа өөртөө лай үүрч байгаа юмнуудад зарах илүүдээ гарсан хөрөнгө улсд алгааа