Театрын хонх гурвантаа цохиж, том улаан хөшиг нээгдэхэд гэрэл унтарч, хөгжим намуухан эгшиглэн жүжиг эхлэхүй. Төрсөн атал зурсан гэмээр үзэсгэлэнт бүжигчин бүсгүй зүүрмэглэн хэвтэнэ. Тэр бүсгүй бол жүжгийн гол дүр Нандин буюу УДЭТ-ын залуу жүжигчин Д.Асардарь юм. Харин амьдралд идэвхигүй, арчаагүй, сулбагар, мөрөөдөмтгий хэмээн хочлуулдаг Буржгар богино үстэй, нүдний шил зүүсэн даруухан залуу Хосбаяр буюу жүжигчин Б.Шинэбаяр бүсгүйг сэрээснээр жүжиг эхлэнэ.
Зураачийн ажил үнэхээр бахдам сайхан болжээ. Эргэдэг тайз, тайз дүүргэсэн жижиг хэрэглэл, ширээ сандал, бүгд өөр өөрсдийн утга санаа, илэрхийлэмжийг үзэгчдэд тодоор харуулна. Жүжигчдийн хувцас монгол хэв шинж хадгалсан авч орчин үеийн чөлөөт сэтгэлгээг шигтгэн энгийн агаад цаанаа чамин.
Туслах дүрүүдэд МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, MУСТА О.Гэрэлсүх, MУСТА Ц.Баясгалан, МУСТА Э.Тодгэрэл, Б.Золжаргал Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид оролцон тогложээ.
Туслах дүрийн гол шигтгээ бол Цэцгээ хүүхэн. Хөдөөнөөс ирсэн авга эгч атлаа аанай “Ромео Жулетта” жүжгийн “Өрлөг эх”-ийг санагдуулам хос хоёрыг зуучилан уулзуулагчийн дүр. Гурваар дарсан хар гэзэгт, хээгүй яриат монгол эгчийн дүрийг Монодрамын томоохон төлөөлөл болсон жүжигчин MУСТА Ц.Баясгалан бүтээжээ.
Жүжгийн гол санаа ямар ч асуудлыг даван туулах хайр байдаг гэдгийг харуулахаас гадна цахим орчинд хүмүүс хэрхэн автсаныг, гэр бүлд амьд харилцаа ямархан ихээр дутагдаж байгаа талаар өгүүлнэ. Интернэт сүлжээгээр гэмгүй нэгнээ яаж буруутган харлуулж байдаг тухай шүүмжлэлтэй хандан зохиолч тийнхүү бичсэн нь лавтай.
Үг яриа, үйл хөдлөл, дүрийн сонголт, тайз гэрэлтүүлэг, хөгжимлөг холбоос гээд эл жүжиг Драмын урлагт бас нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож баттай чаджээ. Тэнгэр баганадсан зовлон ирсэн ч тэсч хамтдаа туулах бат нандин итгэлийг харуулсан энэ жүжигт инээд ч бий, нулимс ч бий
. Т.Пагмаа