АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөр одоо Төрийн департаментад барьцаалагдсан хүмүүсийн асуудал эрхэлсэн тусгай элчээр ажиллаж байгаа Роберт О’Брайеныг томилохоор болжээ. Ерөнхийлөгч энэ тухайгаа лхагва гарагт твиттер хуудсаараа мэдэгсэн байна.
“Ерөнхийлөгчийн тусгай элчээр ажиллаж байгаа Роберт О’Брайеныг манай Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөр томилож буйг мэдэгдэхэд надад маш таатай байна.Роберт энэ ажлыг сайн гүйцэтгэж чадна” хэмээн Трамп бичжээ.
Мягмар гарагт Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны оронд томилох боломжтой таван хүнийг нэрлэж байсан юм. О’Брайены зэрэгцээ, түүний жагсаалтад АНУ-ын зэвсэгт хүчний бэлтгэл хошууч генерал Рикки Уодделл, Цөмийн аюулгүй байдлын Үндэсний газрын дарга Лиза Гордон-Хэгерти, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тамгын газрын дарга асан Фред Флитц, мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенсийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Кит Келлогг нарын нэр багтжээ.
Роберт О’Брайен гэж хэн бэ?
О’Брайен хуульч мэргэжилтэй.Төрийн албанд ямар нэгэн өндөр тушаал эрхэлж байсангүй. Тэгээд ч олон улсын сэдвээр дуулиантай мэдэгдэл хийж олонд танигдаагүй нэгэн ажээ. Тэр 2007-2011 онуудад Афганы шүүгчид, өмгөөлөгчид, прокуроруудыг бэлтгэх улсын болон хувийн хөтөлбөрийн ажлыг удирдан Төрийн департаментын дэргэд үйл ажиллагаа явуулж байлаа. Энэ тушаалыг тэр Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс ба Хиллари Клинтоннарын дэргэд ч хашиж иржээ. Өмнө нь соёлын өвийн биет эд зүйлийг хариуцсан АНУ-ын Зөвлөх хорооны бүрэлдэхүүнд орж байв. Энэ байгууллага нь Төрийн департаментын дэргэд ажиллан соёлын өвийн эд зүйл ба эртний дурсгалт зүйлийн хууль бус наймааны талаар АНУ-ын засгийн газарт зөвлөгөө өгдөг юм.
О’Брайен нь хуулийн LarsonO’Brien компанийн үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд Лос-Анжелест компанийн төв байр нь байрладаг ажээ. Тэрбээр өмгөөлөгчийн хувьд сансрын нисэгч Эдвин (Базз) Олдрин зэргийн цуутнууд, 20th Century Fox кино урлан мэтийн том компаниудын сонирхолыг шүүхэд хамгаалж иржээ.
Мөн 2013 оны Гүржийн сонгуулийг ажиглах АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. Мөн 2014 онд Украины сонгуулийг ажиглажээ.
Калифорни мужийн Их сургуульд дээд боловсрол эзэмшсэн байна. АНУ-ын Хуурай замын цэргийн цэргийн бэлтгэл хошууч ажээ.