ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах алба Хойд Солонгосын 80 иргэнийг баривчлан хорьсон тухайгаа мэдээлжээ.
Япон тэнгисийн Оросын хилийг зөрчин орж ирсэн Хойд Солонгосын загас агнуурын хөлгүүдийг Оросын хил хамгаалагчид саатуулжээ. Загас агнуурын хоёр хөлөг, 11 моторт завь Хойд Солонгосын талаас орж ирсэн ба энэ үеэр Оросын хилчид болон Хойд Солонгосын хууль бус загасчдын хооронд мөргөлдөөн болсон байна. Мөргөлдөөний үеэр Оросын гурван хилчин гэмтэж шархаджээ.
Энэ мэт хууль бус загасчид харилцан хил зөрчих тохиолдол их байдаг аж. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгосын тал 15 хүнтэй Оросын загас агнуурын хөлгийг саатуулаад суллаж байв.
Эх сурвалж:TASS