Бельгийн Хассельтийн их сургуулийн судлаачид төрсөн эмэгтэйн ихэст нүүрстөрөгчийн тоосонцор байгааг илрүүлжээ. Энэ нь агаар бохирдуулагч бичил тоосонцрууд жирэмсэн эмэгтэйн амьсгалж буй агаараар дамжин ихсийн саадыг нэвтэрч, урагт нөлөөлдөг гэсэн үг юм.
Судлаачид бичил тоосонцрыг илрүүлэхийн тулд тусгай лазер технологи ашигласан аж. Ингээд 20 эмэгтэйгээс авсан ихсийн дээд бүрийн куб миллиметр бүрээс хэдэн мянган тоосонцор илрүүлсэн байна.
Агаарын бохирдол, зулбалт хоёр хоорондоо холбоотой гэдгийг эрдэмтэд хэдийнэ тогтоосон билээ. Гэхдээ гол аюул нь нүүрстөрөгчийн тоосонцроос бус, эхэд үүссэн үрэвслээс болж зулбадаг гэж өмнө нь үздэг байлаа. Тэгвэл одоо эрдэмтэд энэ нөлөө эхийн хэвлийд байхаас эхэлж, амьдралынх нь туршид нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: www.theguardian.com