Өнгөрөгч оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.
Өмнө нь хэргийн талаар АТГ-аас “Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон байгаа учраас эргэж хянаж үзнэ үү гэдэг мөрдөгчийн мэдүүлэг Монголбанкинд хүргэсэн. Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн Монголбанкны таван албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгаж байгаа” гэсэн тайлбар өгч байсан.
Тэгвэл Н.Золжаргалд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.