Сүхбаатар дүүрэгт байрлах Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилж, зургаан хүүхэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, өнгөрөгч Баасан гаригт буюу энэ сарын 13-ны өдөр гурван хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрчээ. Цусан суулгац өвчин юунаас болж гарсан талаар Нийслэлийн мэргэжлийн хяналт болон ХӨСҮТ хамтран шинжилгээ хийсэн байгаа бөгөөд хариу нь ирэх баасан гараг буюу 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр гарна гэдгийг НХМГ-аас онцоллоо.
Дээрх зургаан хүүхдээс гадна гэрээр хэвтэн эмчлүүлж байгаа олон хүүхэд байгаа аж. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулбал, өнгөрөгч Бямба гаригт эцэг эхчүүдээс дээрх асуудлаар гомдол тус байгууллагад ирсэн. Үүний дагуу тус байгууллагаас хяналт тавьж байгаа аж. Одоогоор хоёр бүлгийн үйл ажиллагааг зогсоосон. Өвчний голомтод ХӨСҮТ-тэй хамтран ажилласан” гэсэн мэдээллийг өгөв.