Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, Замын цагдаагийн баруун урд талын дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр (2019.09.16) нээлээ.
Нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Улаанбаатарчууд таван жилийн амьдралынхаа нэг жилийг машин дотроо өнгөрүүлж байна гэсэн судалгаа харсанаа дурьдаад, түгжрэлийг бууруулахад энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “520 мянган автомашинтай нийслэл хотод та бид мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч байна. Бидэнд тулгамдсан олон асуудлын нэг болох түгжрэл та бидний эрүүл мэнд, хөрөнгө мөнгө, цаг хугацааны дайсан болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Өнөөдөр нээж буй гүүр замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Бүтээн байгуулалтын ажлыг гардан хийж байгаа гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөх компаниуддаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.
Бүтээн байгуулалтыг Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилтантайгаар “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” гүйцэтгэж байгаа юм. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс 100 жилийн баталгаа өгчээ. Гүүрэн гарцыг нээсний дараа Нарны замд буцаж эргэх үйлдлүүдийг нэмэх аж.
Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” дотооддоо төдийгүй хөгжилтэй орнуудад далай дээгүүр болон доогуур авто зам хийж байсан туршлагатай компани бөгөөд материал, ажлын гүйцэтгэл, чанарт итгэлтэй байгаа гэдгээ Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлээд, гүйцэтгэгч компанийн зүгээс 100 жилийн баталгаа өгч баталгаат хугацаанд ямар нэгэн асуудал гарвал засварлахад шаардлагатай барьцаа хөрөнгийг үлдээж байгаа гэсэн юм.
Үндсэн гүүрт Нарны замын зүүн талаас холбогдож Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 25-нд, зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын дундуур нээхээр төлөвлөжээ.