Хошин гэмээр нээлтэд шагнал олгодог 29 дэх удаагийн Шнобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа пүрэв гарагийн орой Харвардын их сургууль, Сандерсын театрт боллоо.
Шагналын эздээр хамгийн этгээд, хачин, бас хөгжилтэй нэртэй, амьдралд нэг их хэрэг болохгүй шинжлэх ухааны 10 нээлт хийсэн хүмүүс тодорсон байна. Шагналын дүрэмд зааснаар бол эдгээр судалгаа нь эхлээд инээдтэй, дараа нь бодож үзэхээс өөр аргагүй байдалд оруулах ёстой гэнэ.
Үүний зэрэгцээ энэ шагналыг жинхэнэ Нобелийн шагналтнууд гардуулдгаараа онцлогтой. Энэ оны шагналыг 2007 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Эрик Маскин, 1993 онд анагаах ухаан, физиологиор шагнал хүртсэн Рич Робертс, 1990 оны Нобелийн физикийн салбарын шагналтан Жером Фридман нар гардуулсан юм.
Шагналтнуудад гардуулдаг цом нь ч кофены аяга, боодол бохь, тамхи, шүдний сойз гээд ямар нэгэн дадал зуршлыг харуулсан хэд хэдэн эд зүйлс шиг харагддаг. Үүн дээр өргөмжлөл, 10 их наяд доллар дагалдана. Мэдээж энэ нь Зимбабве доллар бөгөөд нэг цаасан мөнгө байдаг гэнэ. Ам.доллар руу хөрвүүлбэл энэ нь 40 центтэй тэнцэнэ.
“Физик”-ийн салбарт вомбатууд яагаад шоо дөрвөлжин хэлбэртэй баадаг тухай судалгаа хүртжээ. Вомбат гэдэг нь Австралийн нэгэн амьтан юм. Олон улсыг хамарсан энэ бүтээлийн эздийн дунд өмнө нь Шнобелийн шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа Тайванийн хоёр эрдэмтэн багтжээ. Тэд өмнө нь 2015 онд сүүн тэжээлтэн бүх амьтны шээж дуусах хугацаа адилхан, ойролцоогоор 21 секунд байдгийг судалсан юм.
“Анагаах ухаан”-ы салбарт Италийн Сильвано Галос хүртсэн байна. Тэрбээр пиццаг хүнсэндээ хэрэглснээр эрүүл мэндээ сахин хамгаалж, хоол боловсруулах эрхтний хорт хавдрын улмаас нас барах эрсдэл буурдаг гэжээ. Гэхдээ зөвхөн Италид л хийсэн пицца үүнд хамаарна гэсэн байна.
“Эдийн засаг” номинацид орон орны валютыг судалж, аль улсынх нь өвчин үүсгэгч бактери илүү тээдгийг тогтоосон Нидерландын эрдэмтдийн судалгаа ялсан байна. Хамгийн бохир мөнгөөр Румыны мөнгөн дэвсгэрт тодорчээ.
“Анагаах ухааны боловсрол”-ын салбарт анагаахын оюутныг нохой сургадаг дууны дохионы тусламжтайгаар хэрхэн сургах вэ гэсэн судалгаа орсон байна.
“Анатоми”-ийн салбарт тэргүүлсэн судалгаа ёслолд оролцсон хүмүүсийн инээдийг хамгийн ихээр хүргэжээ. Францын судлаачид “Нүцгэн болон хувцастай хүмүүсийн хуухнагийн температурын зөрүү”-г судалсан байна. Тэгтэл эрчүүдийн зүүн төмсөг баруунаасаа илүү дулаан байдаг нь тогтоогдсон байна. Гэхдээ тухайн эр хувцастай байх үед шүү.
“Биологи”-ийн салбарт үхсэн жоомыг соронзолбол амьтдаасаа илүү соронзот чанараа хадгалдаг гэдгийг тогтоосон Сингапур, Хятад, Австрали, Польш, АНУ, Болгар гэсэн 6 улсын баг эрдэмтдийн бүтээл Шнобелийн шагналын эзэд болцгоожээ.
“Инженерчлэл”-ийн салбарт живх солих аппарат бүтээн зохиогчийн эрх авсан Ираны эрдэмтэн Иман Фарабахш шагнал хүртсэн бол “Хими”-ийн салбарт таван настай хүүхдүүд өдөрт дунджаар хэчнээн хэмжээний шүлс ялгаруулдгийг тоолсон Японы профессор тэргүүлжээ. Таван настай хүүхэд хоногт дунджаар хагас литр шүлс ялгаруулдаг гэнэ.
Эцэст нь “Энхтайван”-ы шагналыг загатнасан газартаа маажсанаар хүн хэдий хэмжээний таашаал авдгийг судалсан Британи, Сингапурын эрдэмтэд хүртсэн байна.
Эх сурвалж: bbc.com