-Хүний хувьд хамгийн аюулгүй зүйл бол амжилтын араас хөөцөлдөж, засаглалд гармагцаа өөрийгөө бурхантай зүйрлэн бардамнах явдал юм-
Их Британийн Гадаад хэргийн сайд асан Дэвид Оуэн засаглал болон өвчний хооронд шалтгаан-үр дагаврын холбоо байгааг олж тогтоосон. Тэрбээр удирдагчдын сэтгэцийн өвчин болон зүрхний шигдээс хоорондын холбоог судалж байгаад засаглалд гарсан хүмүүст хамгийн их тулгардаг өвчин нь huris syndrome буюу их зангийн синдром байдгийг илрүүлжээ. Энэ өвчний гол шинж нь ямар ч нөхцөлд шийдвэрээ өөрчилдөггүй, өөрчиллөө бол алдаагаа хүлээн зөвшөөрсөн шинж гэж үздэг. Энэ бол дарангуйлагчдад төдийгүй энгийн удирдагчдад ч аюултай зүйл.
Оуэн номондоо АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр нараар гибрис-синдромын жишээ их татсан байдаг. Ирак руу халдан довтолсон нь хүний үг сонсдоггүй, юмсыг ялгаж салгадаггүйн наад захын жишээ гэжээ.
Тони Блэр, Жорж Буш нарт өөртөө хэт их итгэлтэй байдал, тэвдүү, аливаа зүйлд нарийвчлан анхаарах сонирхолгүй гэсэн гурван зүйл саад болжээ. Тэд бусдын саналыг ч сонсолгүй, ялангуяа эсрэг саналтныг бүр ч сонсохоос төвөгшөөж байв. Үүн дээр эрч хүч нэмэгдвэл таагүй үр дагавар гарах нь мэдээж ойлгомжтой. Блэрийн хувьд бүгдийн төвд байхыг илүүд үзэж, ДХЯ-ндаа ажил явуулахад нь ямар ч туслалцаа үзүүлээгүй юм.
Гибрис синдромын хор уршиг нь тухайн хүний шийдвэрлэх гэсэн асуудлыг хүндрүүлдэгт оршино. Блэр ч тэр, Буш ч тэр Иракт цохилт үзүүлсэндээ маш том алдаа гаргасан юм. АНУ, Их Британи улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэрэв тусгай комисс Саддам Хусейнээс үй олноор нь хөнөөх зэвсэг олох л юм бол 45-хан минутын дотор үүнийгээ хэрэглэчихнэ гэж итгүүлж үнэмшүүлэх гэж оролдож байлаа. Ингээд олноороо эсэргүүцэж байсан ч Блэр, Буш нар 2003 оны гуравдугаар сард хүчээ нэгтгэж, Ирак руу халдан довтолгосон юм.
Тухайн үед Гадаад хэргийн сайд Робин Кук нь Тони Блэрийн итгэмжит хүн байсан ч Иракийн асуудалд санал зөрөлдсөн тул улс төрийн албан тушаалаа орхиж байсан билээ. Олон улсын хөгжил эрхэлсэн сайд Клэр Шорт ч мөн 2003 оны гуравдугаар сард огцорсон байдаг. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс халдахыг зөвшөөрөөгүй, Их Британи улс олон улсын дэмжлэгийг авч чадаагүй гэдгээр Иракт цэргийн ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байсан юм.
Ингээд Блэрийн заавраар Британийн армийн 1/3 хэсэг буюу 48 мянган цэрэг Иракийг зорьсон. Дайралтын үеэр Иракаас үй олноор нь хөнөөх зэвсэг олдоогүй тул Блэрийг хуурамч мэдээлэлд буруутгасан байдаг. Ирак дахь кампанит ажил дампуурснаас хойш 2006 оны тавдугаар сард Блэрийг хүн амын 20 хувь нь л дэмждэгээ зарлажээ. Ингээд 2007 онд тэр суудлаа орхисон юм.
Бага Жорж Бушийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийг АНУ-ын түүхэн дэх хамгийн таагүй үе гэж нэрлэдэг. Буш бас л өөрийнхөө боломжийг алдсан юм. Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг сүйрсэн 2001 оны алан хядах ажиллагаанаас хойш Буш хүн амын бараг 90 хувийнх нь дэмжлэгийг хүртээд байлаа. Францын “Le Monde” сонинд хүртэл алан хядах ажиллагааны дараа “Бид бүгдээрээ америкчууд” гэсэн нийтлэл хүртэл гарч байсан юм. Өөрөөр хэлбэл бүгд л Америкт талтай хандаж байсан юм.
Гэвч Буш болон түүний Засгийн газар дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхээр шийдэж, Ирак, Афганистан руу бараг зэрэг халдаж, цэргүүдийг олзлогсдоо гутаан доромжлохыг зөвшөөрчээ. “Алан хядах ажиллагаатай дайн зарлах” биш, дэлхий ертөнцийг өөрсдөөсөө нүүр буруулахад хүргэсэн. Буш өөрийн нэр хүндийг хэтрүүлэн үнэлсэн нь ил байлаа. 2009 оны намар “Foreign Policy” сониноос явуулсан санал асуулгаар гадаад бодлогын олон мэргэжилтэн Америкийн хувьд гадаад ертөнц илүү аюултай болсон, өөрөөр хэлбэл алан хядах ажиллагаатай хийсэн дайн сөрөг үр дүн авчирсан гэж байлаа.
Орос ч бас 2014 онд ийм байдалд орсон. Украинд болсон хямрал зөрчилд хүргэж, хоёр улсын харилцаа хурцадмал байдалд орох дээрээ тулсан. Оросын албан ёсны удирдлагууд Украины хямралын буруутнуудыг хилийн чанадаас хайх хэрэгтэй гэж мэдэгддэг.
Ер нь төгс хүн гэж байдаггүй. Тиймээс өөрийн санаа бодлоос гадна бусдын санаа бодлыг мэдэж байх нь чухал. Үргэлж зөв байдаг хүн алдаагаа хүлээн зөвшөөрдөг нэгнээс илүү сэжигтэй байдаг юм.
Блэр ч тэр, Буш ч тэр өнөөг хүртэл Иракт явуулсан ажиллагаа алдаа байсан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Магадгүй төрийн тэргүүнүүд алдаагаа хүлээн зөвшөөрөх нь ялагдсаны шинэ мэт санагддаг байх. Ер нь тэгээд олон улсын улстөрд үргэлж бусад буруутай гэсэн элсэн цагийн хууль үйлчилдэг билээ.
Эх сурвалж: А.Турунен “Зовлон, бардам зан, зальхайн дэлхийн түүх”