АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг өсгөх шийдвэрээ түр хойшлуулжээ. Энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг таван хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан ч хоёр долоо хоногоор хойшлууллаа гэж Цагаан ордны тэргүүн жиргэсэн байна.
Хоёр тал худалдааны маргааныг шийдвэрлэх ээлжит яриа хэлэлцээ хийхээр бэлтгэж байгаа бөгөөд энэхүү алхмыг Хятадын талын хүсэлтээр хойшлуулсан талаар тэрбээр мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн худалдааны дайн эхэлснээс хойш анх удаа Бээжин гаалийн татвараас чөлөөлөх АНУ-ын хорт хавдрын эсрэг бэлдмэл, малын тэжээл зэрэг 16 бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргалаа. Гэсэн хэдий ч АНУ-ын Хятад руу нийлүүлдэг гол бараа бүтээгдэхүүн болох гахайн мах, шар буурцгийн тос, автомашин зэрэг бүтээгдэхүүнийг тус жагсаалтад оруулаагүй байна. Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн жагсаалтад багтсан 16 төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татвараас чөлөөлөгдөх юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн татварын комиссын мэдээллээс үзвэл, татвараас чөлөөлөх хүсэлтийг авч хэлэлцэн, энэхүү жагсаалтыг цаашид шинэчлэх аж. Үүний сацуу, гаалийн татварын цохилтыг сулруулах зорилгоор Бээжин Аргентин улсаас шар буурцгийн мах импортлохоор болсон байна. АНУ-ын шар буурцаг үйлдвэрлэгчид худалдааны дайнд хамгийн ихээр өртөөд байгаа билээ. Шар буурцгийн бүтээгдэхүүний хамгийн том зах зээл болох Хятад улс шар буурцгийн хэрэгцээгээ Аргентин, Бразил зэрэг улсын импортоор хангах арга замыг нээгээд байгаа юм.