Судсан дотуурх мэс заслыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Зүрхний катетер ангиографийн баг Монгол Улсад анх удаа амжилттай хийж гүйцэтгэсэн гэж ЭМЯ мэдээлэв. Тодруулбал, таван эмч, хоёр сувилагч, нэг техникчээс бүрдсэн тус баг энэ сарын 6-7–нд Бүгд Найрамдах Индонез улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран зүрхний төрөлхийн гажиг болох Ховдол хоорондын таславчийн цоорхойг “окклюдер”-аар хаах судсан дотуурх мэс заслыг дөрвөн хүүхдэд амжилттай хийсэн байна. Ийнхүү дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэвтрүүлж эхлээд хоёр жил болж буй энэхүү шинэ технологийг ЭХЭМҮТ-ийн хамт олон нэвтрүүлж, анхны мэс заслаа амжилттай гүйцэтгэжээ.
Тус төвийн Зүрхний катетер ангиографийн лаборатори нь таван жилийн өмнө байгуулагдсан байна. Өнгөрсөн хугацаанд нийт 600 орчим хүүхдэд зүрхний гажигийн эмчилгээ, оношилгоо хийснээс 405 хүүхдэд судсан дотуурх мэс заслын эмчилгээ хийжээ. Хагалгаа эмчилгээг хүүхдүүд гаднын улс орнуудад хийлгэж ирсэн бөгөөд дунджаар 100 орчим сая төгрөгийн өртөгтэй байжээ.
Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой нь хамгийн элбэг тохиолдох болсон зүрхний төрөлхийн гажиг аж. Тиймээс хүүхдийг ой хүрээгүй үед нь оношилж, эмчлэх нь чухал байгааг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ц.Алтантуяа TV5 телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.