Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүйгээр хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 11-ний өдрийн 16.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст “Манай нөхөр хутгалуулчихсан гаднаас ороод ирлээ” гэх дуудлага иржээ.
Энэ дагуу шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суугаа иргэн Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних иргэн Ц-тэй гудамжинд тааралдан маргалдсан байна. Улмаар архины шилний хагархайгаар хүзүү тус газар нь зүсжээ. Үүний дараа гэрээсээ хутга авч гаран гудамжинд явж байсан 53 настай иргэн Б, 49 настай иргэн Э, 36 настай иргэн Н нарыг ямар ч шалтгаангүйгээр хутгалж гэмтээсэн байна. Дээрх этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.