Парисын Жорж Помпидугийн нэрэмжит Европын эмнэлэгт “Формула-1” уралдааны дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер эмчлүүлж байгаа ажээ. Энэ тухай “Le Parisien” мэдээлсэн байна. Тэрбээр есдүгээр сарын 10-ны өдөр үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засалд орохоор болжээ.
Шумахерт зүрх судасны эмгэг судлалын мэргэжилтэн, зүрхний дутагдлыг эмчлэх зорилгоор эсийн эмчилгээний аргыг боловсруулах багийн гишүүн, зүрх судасны нэрт эмч, профессор Филипп Менаше хагалгаа хийх юм байна. Тэрбээр 2014 онд анх удаа зүрхний дутагдалд орсон эмэгтэйд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.
Шумахерыг осолд орсноос хойш гэр бүлийнхэн нь түүний биеийн байдлын тухай мэдээллийг олноос нууцалсаар ирсэн байна. “The Daily Mail” сонинд бичсэнээр, түүний гэр бүл тамирчны эмчилгээнд долоо хоногт 50 мянган фунт стерлинг зарцуулж байгаа аж.
Авто спортын домог болсон түүнд 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд золгүй явдал тохиолдсон. Тэрбээр хүү болон найз нөхдийн хамт Францын Альфийн нурууны Мерибель цанын баазад очиж, гулгаж байгаад толгойгоороо хад мөргөж, тархиндаа хүнд гэмтэл аван “ком”-ын байдалд орсон ч ухаан орсон билээ.
Эх сурвалж: LE PARISIEN
1 comment
Эрүүл энхийг хүсье