Өнгөрсөн баасан гаригт (2017.02.24) Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын төдийгүй гадны томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг тус ордонд нэвтрүүлэхээс татгалзсан бөгөөд сэтгүүлдчийг гэрэл зурагчин, зураглаачидгүйгээр нэвтрүүлсэн байна. РОЙТЕРС агентлаг энэ талаар “Хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер “CNN, The New York Times, Politico, The Los Angeles Times, Buzzfeed болон BBC, The Guardian” зэрэг АНУ-ын шинэ засаг захиргаанд шүүмжлэлтэй ханддаг хэвлэлийн байгууллагын сэтгүүлчдийг Цагаан ордонд болох хуралд оролцуулахгүй гэсэн” хэмээн мэдээлэв.
Мэдээлэл хийх үед зарим хэвлэлийн байгууллагын сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлэхгүй гэсний дараа Associated Press агентлаг, Time сэтгүүлийн сурвалжлагчид хуралд оролцохоос татгалзан танхимыг орхиж, Reuters, Bloomberg, CBS зэрэг хэвлэл, мэдээллийн 10 байгууллагын төлөөлөгч энэ хуралд оролцжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс шүүмжлэл гарсан ч Цагаан ордны хэвлэлийн албаны дарга энэ шийдвэрийнхээ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг нэг бус удаа буруутгаж байсан бол пүрэв гаригт “зарим хэвлэлүүд хуурамч мэдээллийг санаатай түгээдэг” гээд, тэднийг “АНУ-ын ард түмний дайсан” гэж цоллосон юм. Харин Шон Спайсер “Цагаан ордны хэвлэлийн танхимд бүрэн хэмжээний хэвлэлийн бага хурал хийхийн оронд өөрийнхөө албан өрөөнд товчхон мэдээлэл хийхээр шийдсэн гэж мэдэгдээд “Бид өдөр бүр болж буй бүхнийг камерын өмнө тайлагнах албагүй” хэмээн сэтгүүлчидтэй маргажээ.