Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. БХБЯ-ны захиалгаар анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм. Нээлтийн ёслолд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаныхан оролцлоо.
Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг. Лагийг хооронд барьцалдуулах зорилгоор ПАМ (полиакриламид), лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК (полиалюминумхлорид) төрлийн химийн бодис ашиглаж байна.
Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99 хувь, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96 хувь бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70 хувь хүртэл чийглэгтэй болох юм. Түүнчлэн илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ.
“Ай вай и зэт” группийн захирал н.Зоригт “Уг байгууламжийг ашиглалтад оруулаад сүүлийн хоёр сарын хугацаанд туршилт хийгээд ямар нэгэн алдаа дутагдалгүй болохыг нь батлаад өнөөдөр хүлээлгэн өгч байна. 99 хувийн чийгшэлтэй нойтон лагийг 70 хувийн чийгшилтэй хуурай лаг болгон гаргаж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн 4-5 жилийн хугацаанд биологийн аргаар гадаа хатаадаг байсан лагийг технологийн аргаар түргэн хугацаанд хуурай болгож гаргана. Үнэрийн хувьд 9-10 дахин бууруулж байгаа” хэмээлээ.
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь бохир усыг механик, биологи аргаар цэвэрлэх явцад органик болон эрдэс гаралтай төрөл бүрийн хаягдал, лаг, үлдэцийг ялган авдаг.
Эдгээр бохирдол нь их хэмжээний органик бодис, гельминтийн өндөр агуулдгаас түүхий буюу боловсруулаагүй үедээ амархан ялзардаг, эвгүй үнэр үүсгэдэг, маш удаан хатаж, эрүүл ахуйн хувьд аюултай орчныг бүрдүүлдэг тул бохир ус цэвэрлэгээний явцад ялгаран гарах лаг үлдэцийг хүрээлэн буй орчинд аюулгүй боловсруулах зорилгоор лаг боловсруулах байгууламжийг төлөвлөдөг.
Одоо ажиллаж байгаа төв цэвэрлэх байгууламжид лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байдлаас орчинд эвгүй үнэр ихээр тархаж, лагийг хүрээлэн буй орчинд ил задгай хаяж байгаа нь аюултай орчныг бүрдүүлж байна. Энэ нь хот орчмын агаарыг ихээхэн хэмжээгээр бохирдуулж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг алдагдуулах болсон.
Иймд байгалийн аргаар ил задгай талбайд лагийг усгүйжүүлэн хатаах аргыг халж лагийг усгүйжүүлэх технологи дамжлагыг нэмж, “Лаг усгүйжүүлэх байгууламж”-ийг шинээр барьж, ашиглалтад оруулж байна.