Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл хуш модны самар түүх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ.
Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас хуш модны самрыг зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна.
Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самрыг аль ч зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хоригложээ. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Увс, Хэнтий аймгийн Засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт даалгажээ.