“Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээ нь хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд талууд хамтарсан үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар заасны дагуу “Бүс ба зам” санаачлагын хүрээнд “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриалгатайгаар зохион байгуулагдаж байна.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспод чухал ач холбогдол өгч ажиллаж байна.
“Монгол-Хятадын Эскпо” энэ сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдахаар ийнхүү Улаанцав хотод нээлтээ хийлээ.
Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Монгол Улсаас томоохон үйлдвэрлэгч 50 гаруй, нийт 450 аж ахуй нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Монголын үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, худалдан борлуулж, экспортлох боломжийг судалж байна.
Тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Хятадын талаас ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Монголын талаас ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, УУХҮЯ, МҮХАҮТ ажиллаж байгаа юм. Энэ удаагийн Монгол улсын дүр төрхийг харуулахдаа Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулсан байдлаар зохиомжилжээ.
Үзэсгэлэнг зохион байгуулагч талууд “Монгол-Хятадын Экспо” 3 дахь удаагийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү “”Монгол улсын дүр төрхийн үзэсгэлэн”-г хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна хэмээн үнэллээ. 2015, 2017 онд “Монгол, Хятадын Экспо” 2 удаагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор нийт 700 орчим аж ахуйн нэгжийг оролцуулж, 2.28 тэрбум юань-ийн өртөг бүхий 278 хамтын ажиллагааны баримт, бичгийг байгуулан хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгжүүд өнгөрсөн 2 удаагийн үзэсгэлэнд нийт 1.13 тэрбум юанийн борлуулалт хийсэн байна.
Энэ удаагийн Экспо арга хэмжээнд Монголын талаас урьдчилсан тоогоор 1200 орчим зочид төлөөлөгч оролцож байна.