УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Чуулганы үдээс өмнөх хуралдааныг МАН-ын бүлэг түр завсарлуулж, асуудал дагуулсан заалтууд дээр саналаа нэгтгэхээр хуралдсан юм. Бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, парламентын хугацааг таван жил болгох Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжихгүй, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх санал, төрийн албан хаагчтай холбоотой саналуудыг дэмжихээр болсон бол баг хорооны Засаг дарга нарыг дүүрэг, аймгийн Засаг дарга нар томилох асуудлыг энэ удаагийн өөрчлөлтөд оруулахгүй байхаар болжээ.
Харин одоо чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, МАН-ын бүлэг саналаа нэгтгэсэн буюу шүүмжлэл дагуулсан заалтуудыг хэлэлцэж эхлээд байна.