Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн “Орхоны гүүр” гэдэг газар хоёр хүн амиа алдсан ноцтой осол гарчээ. Орхоны гүүр нь сумын төвөөс баруун зүгт 2 км-т оршдог бөгөөд тус газарт Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Алион” загварын суудлын автомашин, Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Тенна” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Осол болж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлага өнгөрсөн шөнийн 01:44 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан 3 минутын дараа очиход “Алион” загварын суудлын автомашинд зорчиж явсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат 53 настай Ц /эмэгтэй/, “Тенна” загварын суудлын автомашинд зорчиж явсан Увс аймгийн Улаангом сумын харьяат 52 настай Н /эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд ард иргэд орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулж, дүрмээ баримтлан аюулгүй байдлаа хангаж явахыг сануулж байна.