Монгол Улсын нэр хүндийг унагасан гэдэг шалтгаанаар зурган дээрх Монгол “баатар”-ыг шийтгэх тухай хэлэлцүүлэг ОХУ-ын Ерөнхийлөгч Путины Монгол Улсад хийсэн айлчлалтай зэрэгцэн цахим орчинд нэлээд дуулиан тариад амжсан. Олныг талцуулсан энэ хэргийн эзнийг ч шүүмжлэлүүд тойрч гарсангүй. “Монгол Улсаа өөрөөр сурталчилж болоогүй юм уу. Энэ эвлүүлгийг хийсэн хүнд хариуцлагын асуудал ярь. Энэ бол хятад хүний эвлүүлэг” гэхчлэн хатуухан үгс чулуудсан харагдана билээ.
Хамгийн гол асуудал бол энэ зурганд итгээд пост, коммент бичиж байгаа хар масс манай нийгмийн өнөөгийн бодит дүр төрх гэж харж болохоор. Тэр “хар хүч” хэнийг ч хааш нь ч залж мэднэ. Үүнд л асуудлын гол нь байгаа юм. Тэгэхээр олныг будилуулж, элдэв эрээ цээргүй үгсээр дүүрсэн зургийг эвлүүлсэн эрхмийг буруутгах уу, эсвэл дэлхийн сүлжээгээр өөрсдөө дэндүү олноороо хэмлэлдсэн тэр хар массыг буруутгах уу?
Бүр нөгөө талаас нь, зүгээр л хөгжилдөх санаа байж хэмээн эвлүүлэгчийг өмөөрч болох юм. Бас эвий дээ манайхан гэнэн итгэмтгий тэнэгүүд шүү дээ гэж өмгөөлж яагаад болохгүй гэж. Харин зурган дээрх утсаар ярьж буй эрхэм буруугүй, хэлмэгдсэн нэгэн боловч хамгийн их шүүмжлэлийг хүртсэн биз ээ.
Ямартай ч зургийн тухайд бол гэрлийн хугаралаас эхлээд эвлүүлэг гэдэг нь тодорхой байв. Ийм л учиртай байж шүү дээ. Хэрэв дахиад л итгэхгүй байгаа бол Путины хувцасны үрчлээсийг анзаараарай, яг ижил. Харин их хүмүүний гар нь эвлүүлэгт өртсөн байгааг эндээс бас харж болно.