Дорноговь аймагт энэ сард болох гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын дадлага сургууль, туршлага солилцох “Говийн чоно-2019” үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас бэлтгэл бэлэн байдлын үзлэгийг есдүгээр сарын 02-нд зохион байгууллаа.
Бэлтгэл бэлэн байдлын үзлэгт аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын холбогдох албан тушаалтныг оролцуулан гамшгийн үед авах арга хэмжээ, бүрдүүлэх материал, хувцаслалт, хээрийн үүргэвчийг шалгаж, жагсаалын бэлтгэл, сургууль хийлгэж, үүрэг чиглэл өгсөн байна.
Дадлага сургуулиар гамшиг, ослын үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, орон нутгийн удирдлага, Онцгой комисс, мэргэжлийн ангиудыг чадавхжуулах бөгөөд гамшиг, ослын үед иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, иргэд хэрхэн ямар үүрэгтэй оролцох талаар мэдлэг мэдээлэл олгоно.
Дадлага сургалтыг ОБЕГ, АНУ-ын Энэтхэг Номхон далайн цэргийн командлал, АНУ-ын Элчин сайдын яам, Дорноговь аймгийн ОБГ, ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулна.