Халхын голын ялалтын 80 жилийн ойг өнгөрсөн сараас эхлэн орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэхүү зарлаагүй дайныг Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулсан өнгөрсөн XX зууны томоохон түүхэн үйл явдал гэж үзсээр ирсэн.
Энэ талаар түүхчид, судлаачид болон нийтлэлчдийн байр суурь, баримт, эшлэлийг хүргэе.
БНМАУ-ын нутаг дэвсгэр, Халхын голын районд болсон байлдаан
1935 оноос эхэлсэн Монгол, Манж-Го-ийн хооронд хилийн будлиан тасралтгүй үргэлжилсээр 1939 оны тавдугаар сар болоход Японы цэргийн командлал Халхын голын орчим нутагт цэргээ төвлөрүүлж эхэлжээ. Тавдугаар сарын 11,12-нд болсон хилийн тулгаралтын дараагаар Дунд овооны баруун талд байрлаж байсан БНМАУ-ын хилийн 7 дугаар заставыг Японы нисэх онгоц тавдугаар сарын 15-нд бөмбөгдөв. Тавдугаар сарын 28-ны үүрээр Японы 40 орчим онгоц манай цэргийн байршлыг бөмбөгдөн, давшилтад орсноор Халх голын район дахь байлдагч талуудын цэргийн ажиллагаа эхэлжээ.
1939 оны тавдугаар сараас есдүгээр сарын 15-ны агаарын байлдааныг хүртэл 4 сар үргэлжилсэн энэ дайнд нэг талаас ЗХУ, БНМАУ, нөгөө талаас Япон, Манж-Го гэсэн дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер,1000 гаруй танк, хуягт машин, 800-аад нисэх онгоц оролцжээ.
Халх голын дайны явцад зургаадугаар сарын агаарын байлдаан, дэлхийн хоёрдугаар дайны өмнөх танкийн хамгийн том тулалдаан болох Баянцагааны тулалдаан зэрэг томоохон байлдаанууд болж, намйдугаар сарын 20-нд эхэлсэн Монгол-Зөвлөлтийн цэргийн Ерөнхий давшилтын дүнд Хамар даваа-Номунханы чиглэлд Японы 6 дугаар армийг бут цохив. Дайн төгсгөлийн шатанд орсон ч есдүгээр сарын дунд үеийг хүртэл Халуун рашаан-Мана уулын чиглэлд Япон-Манжийн цэргийн довтолгоон үргэлжилж, есдүгээр сарын 11-нд Японы тал Нөмрөгийн эрэгт гарч иржээ. Түүний эсрэг Монгол-Зөвлөлтийн командлал томоохон хүчээр довтлон, эзэлсэн газрыг чөлөөлөхөөр бэлтгэж байх үед Москвад ЗХУ, Япон улс гал зогсоох хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрчээ. Энэ ёсоор 1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр, Москвагийн цагаар 02.00 цаг, Улаанбаатарын цагаар өглөөний 7 цагт гал зогсоож, байлдагч талууд эзэлсэн байрлал дээрээ үлджээ.
Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, нийтдээ 74522 хүний хохирол учирснаас 28246 нь амь үрэгдсэн тооцоо бий. Халхын голын дайн нь харьцангуй бага нутаг дэвсгэрт болсон хэдий ч оролцсон хүн хүч, зэвсэг техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласнаараа онцлог бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны өмнөх томоохон байлдаан, түүний эхлэл болсон юм.
Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын 8500 орчим цэрэг дайчид оролцож, Зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулан улс орныхоо хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж чадсан билээ. Халх голын дайны ялалт нь тусгаар тогтносон БНМАУ бодитойгоор оршин тогтнож буйг дэлхий дахинд харуулсан юм. (Н.Хишигт)
“Монголын түүхийн их тайлбар толь” /ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан/
Халх голын дайнд (Будилаан? Мөргөлдөөн? Тулалдаан? Байлдаан?) оролцохгүй, өөрийн нутагт ийм үйлдэл хийлгэхгүй гэж Ерөнхий сайд Гэндэн, Ерөнхий сайд Амар, Бүх цэргийн жанжин Дэмид нар Сталинтай зөрөлдсөнийхөө шанг амиараа төлсөн юм. Ийм байлдааны урьдчилсан бэлтгэл ажиллагаанд дор хаяхад 30 мянган монголчууд амиа өргөсөн юм. Жинхэнэ байлдааны талбарт 237 цэрэг эрс үрэгдсэн, үүний гуравны нэгийг нь Зөвлөлтийн улаан цэргийн онгоц эндүүрч бөмбөгдөн араас нь пулемётоор шүршсэн, гуравны нэгийг нь Японы тагнуул гэж хардан гүтгэж өөрийнхөн нь хороосон…
…Гэвч тэд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулж байгаагүй төдийгүй тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөд ч бэлэн байсан. Тэд Хятадын бүгд найрамдах улсад хамаарах нутагт амьдардаг монгол үндэстэнд онцгой дотно найрсаг хандаж байсан. Тэднийг соёлжуулах иргэншүүлэхэд төдийгүй хятадуудаас хамгаалах өмгөөлөхөд онцгой анхаарал тавьж байсан. Эрний түүхтэй, хүчирхэг явсан намтартай монгол үндэстнийг япончууд шулуухан хэлэхэд хүндэтгэдэг байжээ. Тэр үед япончууд ялангуяа Гадаад Монголтой ямар ч холбоогүй байсан ч тэнд Монгол судлал сүрхий дэвшингүй хөгжсөн байсан юм шүү.
Нийтлэлч Баабар “Халхын голд хэн хохиров” нийтлэлээс
Халхын голын дайн уу? Байлдаан уу? гэдэг дээр маргаан их гардаг. Гэвч яах аргагүй томоохон дайн, тэр дундаа дэлхийн хоёрдугаар дайны эхлэл байсан гэдэгтээ санал нийлэх буй заа. Түүх бичлэгт энэхүү үйл явдлыг хэд хэдэн янзаар нэрлэсээр байгаа юм…
Оросууд уг үйл явдлыг “байлдаан” (бои), “мөргөлдөөн” гэж томьёолж байгаа бол япончууд “Номонханы хэрэг явдал”, “хилийн будлиан” хэмээн нэрлэх ажээ. Япончууд өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ нуун дарагдуулах, улмаар дайны төлбөр төлөхгүйн тулд Номонханы хэрэг явдал гэдэг нэр гарган Халхын голын дайны ач холбогдлыг бууруулах гэж оролдсон юм.
Түүнчлэн улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн нөөцийг дайчилсан байдал, нийгмийн уур амьсгал, сэтгэл зүйд нөлөөлсөн байдал, татагдаж оролцсон хүн хүч, дайны үе шат, явц, цар хүрээ, нөлөөгөөрөө Халхын голд болсон үйл явдал нь Монгол Улсын хувьд дайн байсан юм…
…Тухайлбал, Халхын голын дайны түүхийг сүүлийн 30 гаруй жил мөшгөн гуйвуулах нь ихэссэн гэж болно. Энэ бол жижиг мөргөлдөөн, байлдаан, хилийн тулгаралт, тулалдаан, огт тийм үйл явдал болоогүй гэх мэтээр мушгин гуйвуулах, тэр ч байтугай Монголын улс төрчид, түүхчид, зарим хариуцлагатай албан тушаалтан, оюутан сурагчид Халхын голын дайн бус Халхын голын байлдааны ялалтын төдөн жилийн ой, эсвэл Номунханы хэрэг явдал гэх мэтээр албаны баримт бичиг, эмхэтгэл, албан бичиг, илтгэлдээ дурдах болжээ. Санаатай санаандгүй аль нь боловч хамгийн үнэ цэнтэй түүхээ үгүйсгэх нь үнэхээр харамсалтай. Энэ хэрээр уг түүхэн үйл явдлыг жижигрүүлэн ач холбогдлыг нь бууруулах явдал үнэхээр байж боломгүй үйлдэл юм.
БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар
Халх голын дайн нь харьцангуй бие даасан шинжтэй, Өвлийн дайн, Япон-Хятадын дайны нэгэн адил “дайн” хэмээн нэрлэж болохуйц дэлхийн II дайны нэг хэсэг, зарим судлаачдын үздгээр II дайны удиртгал, “Зарлаагүй дайны оршил” ч болно.
Тэгэхээр зөвхөн цаг хугацаа, оролцсон цэргийн хүч, хохирлын хэмжээгээр Халх голын үйл явдлыг ч дайн биш ээ гэж хэлэх үндэслэл хангалттай биш байна.
Монгол Улс, монголчуудын хувьд Халх голын дайн нь хүчин буурай монгол орныг санаан зоргоор эзлэн, эрхшээлдээ орчуулчих боломжгүй, хүчирхэг хамгаалагч, өмгөөлөгчтэй болохыг санаархагч орон: Япон, Хятадад хатуу сануулга өгсөн. 1941 оны 4 сарын ЗХУ-Японы гэрээнд хавсаргасан тунхаглалаар Японы тал БНМАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн бөгөөд халдашгүй дархан байдлыг хүндэтгэх үүрэг хүлээсэн нь манай улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн гэж болохуйц нэн чухал үйл явдал болсон.
Аль ч дайн, тулаанд оролцсон талуудад нийтлэг шинж байдаг нь өөрсдийн хохирлоо дарж, амжилтаа дөвийлгөдөг. Тэр бүү хэл өөрсдийгөө улайран зөвтгөдөг. Энэ жишгээр Зөвлөлт-Монголын тал өөрсдийн амжилтыг илт дөвийлгөсөн. Япон тал ч ялагдлаа дарсан, багасгасан. Тэр нь “Номунханы хэрэг явдал” гэхээр илэрдэг. /Нөгөө талаар Ази-Номхон далайн уудам оройн зайд өргөн царайтай дайн хийж байсан тэдний хувьд Халх голын үйл явдал нь жижигхэн харагдаж ч бас болно./ Тэр бүү хэл Японы тал Монголд халдан довтолсноо бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, бүр умард хятадыг эзлэн түрэмгийлж, сая саяар нь алж байсныхаа төлөө өнөө ч Хятадын талаас хангалттай хэмжээнд уучлал гуйгаагүй, маргаан мэтгээн дагуулсаар байгаа болно. Ийм нөхцөлд ялагдсан талын илт багасгасан байр суурийг хүлээн зөвшөөрч, дайн болоогүй ээ, мөргөлдөөн төдий байсан гэх нь хэт явцуу туйлшрал, эсвэл бодлоготой тархи угаалт болно.
Зохиолч, нийтлэлч Б.Наминчимэд
Сталины хэлснээс үзвэл тэрээр Япон нь Халхын голд том дайн өдөөх улс төрийн зорилгогүй, өөрөөр хэлбэл Монголын нутагт гүн цөмрөх бодлогогүй байсан гэдгийг мэдэж байжээ. Дээрх зөвлөгөөний дараа болсон Улаан армийн нам улс төрийн ажилтнуудын зөвлөгөөнд тавьсан илтгэлдээ Улаан армийн улс төрийн Ерөнхий газрын дарга Л.З.Мехлис Халхын голын байлдааны эхэнд Улаан армийн дайчдын дунд нам улс төрийн ажлын ухуулгыг “БНМАУ-тай тогтоосон харилцан туслах гэрээний дагуу Монголын ард түмэнд туслахаар ирсэн, иймд гэрээний дагуу үүргээ биелүүлж байлдах ёстой” гэсэн зарчмаар явуулахад хүлээн авахгүй хандлагатай байсан гэж тэмдэглэжээ.
…Энэхүү дайнд татагдан орсон Япон ЗХУ-ын эсрэг дайн хийх чадавхигүй гэдгийг Сталин сайн мэдэж, тооцоолж байв. Халхын голын байлдаан явуулахын нэг зорилго нь Японы эсрэг Хятадын тэмцлийг дэмжих, зоригжуулах явдал байсныг Г.К.Жуков тэмдэглэсэн байдаг.
…Токиод 1948 онд болсон олон улсын шүүх хурлаар Халхын голын байлдаан нь удаан хугацаанд үргэлжилсэн, цэргийн өргөн хэмжээний операци байсны хувьд зөвхөн хилийн тулгаралт байсан гэж үзэх үндэслэлгүй. Харин япончуудын урьдаас бэлтгэсэн БНМАУ, ЗСБНХУ-ын эсрэг явуулсан түрэмгий дайн байсан гэж дүгнэжээ. Халхын голын дайныг өдөөсөн гэдэг ялыг Японы цэрэг, улс төрийн 14 зүтгэлтэнд оноож цаазаар авсан байна.
Түүхийн ухааны доктор Р.Болд
Халх голын байлдааны фронт дээр: Зүүн гараас Н.Н.Воронов, Г.М.Штерн, И.А.Иванов, Х.Чойбалсан, Г.К.Жуков