Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Халх гол сумыг шинээр барих ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажил дуусаж өнөөдөр нээлтээ хийж байна.
Энэхүү бүтээн байгуулалтад Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж багтаж байгаа юм. Мөн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгжийн барилгыг дулаанаар хангах гурван уурын зуух шинээр барьжээ. Түүнчлэн ОХУ-ын Эрхүү мужаас бэлэглэсэн маршал Г.К.Жуковын дөрвөн метр өндөр морьт хөшөө Халх гол суманд сүндэрлэжээ.
Сумын төвийг шинээр барих ажлыг ОХУ-ын “Роснефть” компанийн найман сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн юм. Бүтээн байгуулалтын ажилд “Их модун” ХХК, Зэвсэгт хүчний 138, 110 дугаар барилгын цэргийн ангийн алба хаагчид, сумын иргэд зэрэг 500 гаруй хүн оролцжээ.