“2019-2020 оны хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээ буюу хичээлийн шинэ эхлэж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэлийн бага хурал хийж байна.
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор гэмт хэрэг зөрчлийн гаралт бусад үеэс нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх үүднээс хийж буй ажлуудаа танилцууллаа.
НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн:
Хичээлийн шинэ жилтэй холбоотой хөдөлгөөн эрс нэмэгддэг. Өнгөрсөн жилийн хугацаанд 44,001 дуудлага бүртгэгдсэнээс 1,200 гаруй нь гэмт хэрэг, түүний 517 хулгай бөгөөд 84 нь халаасны хулгай байсан.
Үүнийг дагаад залилах хэрэг нэмэгддэг. Өнгөрсөн жил 17 удаагийн залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн.
Энэ үеэр бүх хүн ажил, сургуульд явдагтай холбоотой хулгайн гэмт хэрэг нэмэгддэг бөгөөд халаасны хулгай ч нэмэгддэг. Өнгөрсөн тавдугаар сард нийтийн тээврийн автобуснуудын хяналтын камерын үйл ажиллагааг УБ смарт компанитай хамтран камерын ашиглалтыг сайжруулсан. Нийтийн тээвэрт гарах халаасны хулгай буурч байгаа.
ААН, байгууллагууд, ялангуяа Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын хяналтын камерын ашиглалт, хадгалалт ямар байна гэдэг дээр өнгөрсөн долоо хоногоос шалгалт эхэлсэн. Энэ хүрээнд 179 сургуулийн хяналтын камерыг шалгаад байна. 25 зөрчил илэрсэн. Шаардлага хангахгүй, гацдаг, дүрс нь харагддаггүй, хадгалалтын горим хангаагүй камеруудыг сайжруулах талаар сургуулиудын захиргаанд мэдэгдэл шаардлага хүргүүлж байгаа.
Оюутнууд баар, цэнгээний газраар үйлчлүүлэх, гэмт хэрэгт холбогдогч хохирогч болох нь ихэсдгээс гадна эрүүлжүүлэгддэг. Өнгөрсөн оны есдүгээр сард найман оюутан эрүүлжүүлэгдсэн. Энэ хүрээнд их, дээд сургуулийн удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн.
Сургуулиудтай хамтраад сургалт сурталчилгаа зохион байгуулна. Тухайлбал, өнгөрсөн онд 37 дээрмийн гэмт хэрэгт хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд хохирогч, холбогдогч болсон. Тиймээс энэ хүрээнд мэдээлэл өгч эхлээд байгаа.
Сургуулиуд дээр оюутан цагдаа, урамшуулалт эргүүлүүд, хүүхэд хамгаалагч болон цагдаагийн авто болон явган эргүүлүүдийг ажиллуулна.
Өнгөрсөн жил 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил гарсан тул ААН, байгууллагуудад тавих хяналтыг эрчимжүүлж ажиллана.
Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг:
Манай хэлтэс дараах гурван чиглэлд эрчимтэй ажиллана.
- Сургуулийн орчинд, сургууль явах, харих замдаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж ажиллана.
- School police ажлыг эрчимжүүлнэ. Хувийн сургуулиуд идэвх муутай байсан. Энэ талаар сургулуиудтай хамтарч ажиллана.
- Мөн үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлэх “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийг ахлах ангийн сурагчид 100 хувь байгуулах, эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм.
Мөн НЦУГ-ын алба хаагч болон дүүрэг дээр ажиллаж байгаа хүүхэд хариуцсан алба хаагч хүүхэдтэй хэрхэн харьцах вэ гэдэг талаар сургалтын арга зүйн мэдээллийг зөв хэлбэрээр олгоно гэв.
Өнгөрсөн жилээс үзэхэд хүүхэд гэмтэж болзошгүй 2,100 цэг тэмдэглэгдсэн. Эдгээр цэгийн 1,100 орчмыг хөдөлгөөнт эргүүлийн шууд хяналтад оруулсан. Үлдсэн цагдаагийн байгууллага хүрч очиж чадахгүй байгаа эмзэг цэгүүдийг эцэг, эх асран хамгаалагчдын хяналтад оруулахаар 152 хорооны ажилтнуудтай хамтарч ажиллаж, үүрэгжүүлж, мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллана.
Мөн хичээл эхлэхээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 175 цахим тоглоомын газар идэвхждэг. Үүнд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зөрчил илэрвэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ажиллана. Өнгөрсөн хичээлийн жилд 21 газар насанд хүрээгүй хүүхдийг хонон өнжин тоглуулсан тохиолдол илэрсэн. Тухай бүрт нь хариуцлага хүлээлгэсэн.