Нобелийн шагналтан Ноёори гадаадын их сургуулиудтай хамтран ажиллаж, харилцан суралцахыг зөвлөв

Монгол Улсын их хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Нобелийн шагналтан, Япон Улсын Нагояа их сургуулийн профессор Ноёори Рёожи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сайд Ё.Баатарбилэг хичээлийн шинэ жилийн нээлт тохиох энэ өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирж багш, эрдэмтэн, оюутан, судлаач нарт өөрийн лекцийг толилуулах гэж буй профессор Ноёорид талархал илэрхийлээд Монгол-Японы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байна гэлээ.

Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон Азийн шилдэг их сургуулиудын эгнээнд нэгдэн орох зорилгын хүрээнд  Монгол Улсын дээд боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр туршлага судлах хүсэлтээ илэрхийлэв.

Нобелийн шагналтан Ноёори Монгол Улсын дээд боловсролын салбарын хөтөлбөр, зорилгыг сайшаагаад түүнд хүрэхэд шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг санууллаа. Түүнчлэн гадаадын их сургуулиудтай хамтран ажиллаж, харилцан суралцахыг зөвлөв.

Профессор Ноёори 27 насандаа Киотогийн их сургуульд ажиллаж байхдаа удирдагч багш профессор Нозакитай хамтран хирал органикметал молекулын катализаторыг ашиглан асиметрик синтез явуулах зарчмыг анх нээжээ. Дараа нь хурдан бөгөөд дахин хэрэглэх боломжтой шилжилтийн металл дээр суурилсан олон тооны сунгамал катализаторыг гарган авсан байна.

Түүний рацемат хольцийн R юм уу L энантомерийг дангаар нь ялгах судалгаа 1992 онд АНУ-ын Эм, Хүнсний Удирдах Газрын удирдамжид орсноор анагаах ухаанд асар их хөгжил дэвшлийг авч иржээ.

 Уулзалтад БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат болон Монгол Улсын их сургууль, Япон Улсын Нагояа их сургуулийн захирал, профессоруудын төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн