Цэнгэлдэхийг дүүргэсэн XMF-ийн эхний үдэш

Шинэ цагийн залуу уран бүтээлчдийг дэмжигч Олон улсын хөгжмийн наадам XMF энэ жилийн шоугаа хип хопчдын өдрөөр эхлүүллээ.

Наадмыг зорин ирсэн залуус чухам энэ л орчинд өөрийнхөөрөө байж, эрх чөлөөг утгаараа мэдэрч буй нь илт харагдаж байв.

Шоуг залуу Dj Kly буюу Б.Төгөлдөр, Люмино хамтлагийн Dj Zolo буюу Т.Золбаяр нар тэсрэлттэйгээр эхлүүлж, тэдний араас хип хопчид үзэгчидтэйгээ эхний үдшийг жинхэнэ доргио өнгөрүүллээ.

Энэ жилийн шоуны онцлогийн талаар бид Хуур фестивалийн найруулагч С.Буянтөгстэй цөөн хором ярилцсан юм.

-Энэ жилийн наадмын талаар товч мэдээлэл өгөөч.

-Анх BRB компианаас энэхүү Хуур мюзик фестивалийг 3 жилийн өмнөөс санаачлан зохион байгуулж ирсэн. Энэ жилийн онцлог гэвэл маш олон гадаадын DJ нар болон гадаадын уран бүтээлч нар ирж оролцож байгаа. Энэ жил урьд хоёр жилийн наадмынхаа алдаанаас суралцан алдаагаа засах зорилготой маш удаан хугацаанд өргөн цар хүрээнд бэлтгэж бэлтгэлдээ орсон. Тухайлбал, түрүү жил шоуныхаа тайзыг стадионыхоо урд байрлуулж байсан бол энэ жил зүүн талд нь босоо байдлаар байрлуулсан.

Дашрамд хэлэхэд, энэ шоуг зохион байгуулахад маш олон компианиуд дэмжин оролцож байгаа бөгөөд Монгол HD телевиз шоуны маань ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, маш олон хүний бүрэлдэхүүнтэй дэмжин оролцож байгаа.

-Олон улсын хэмжээний наадмыг зохион байгуулагчдын хувьд үзэгчдээс юуг хүсэн хүлээж байгаа вэ?

-Мэдээж үзэгчдээсээ бид хүсдэг юмаа л хүсч байгаа. Бид нар анх энэ шоуг гурван жилийн өмнө үүсгэн байгуулж байхдаа бидний ирээдүй болсон залуусаа хөгжим дор нэгдэж, бие биедээ эерэг энергийг өгч, бие биеэсээ эерэг энергийг авч, хөгжим гэдэг зүйл биднийг хооронд нь нэгтгэж, нэгнээсээ суралцаасай гэсэн үүднээс энэ шоуг зохион байгуулсан. Тийм ч учраас энэ жил мөн л адил тэр зүйлсээ л хүсч байгаа.

-Үзэгчдэд зориулж олон сюрприз бэлдсэн бололтой?

-Бидний хувьд судалгаа хийсний үндсэн дээр гадаадаас маш чадварлаг уран бүтээлчдийг урьж авчирсан байгаа. Тиймээс энэ артистууд гайхалтай сюрприз болж чадна гэж бодож байна. Мөн рэппэр Rockit Bay хуучны уран бүтээлүүдээ шинэчилсэн хувилбараар хүргэсэн. Энэ ч бас гэнэтийн бэлэг болж чадсан гэж бодож байна.

Түүнтэй илүү олон зүйлийн талаар ярилцмаар байсан ч дуу хөгжим, доргисон залуусын их нүргээнд бидний яриа ийнхүү өндөрлөсөн юм.

XMF бусад шоунаас илүү чанартай уран бүтээлчид авчирдаг

Хувьтай хүмүүс хур борооноор гэдэгчлэн энэ үдэш хурмаст тэнгэр хур хайрлаж, дүрэлзсэн халуун орчныг бага ч болов сэрүүцүүлж байлаа. Тайз, гэрэлтүүлэг нь “тасархай” байсныг дурдах нь илүүц биз ээ.

Энэ үдшийн талаар мөн үзэгчдийн сэтгэгдлээс хуваалцсанаа нэгтгэн сонирхуулъя.

Үзэгчид:

-“Хуур фестиваль”-ийг гурван жилийн өмнө анх зохион байгуулагдаж эхэлсэн цагаас нь хойш үзэж байгаа. Энэ жилийн наадам өмнөх жилүүдээсээ илүү боловсронгуй болсон санагдаж байна. Жишээ нь, өнгөрсөн жил тайзны зохион байгуулалт ийм байгаагүй. Өөр хэд хэдэн зүйл дээр их анхаарч ажиллажээ. Одоо үнэхээр гоё болж байна.

-Энэ жилийн шоу их таалагдаж байна. Би XMF-ийг яагаад сонгож үздэг вэ гэхээр, хөгжим, ирж байгаа дуучид нь илүү сайн, үзэгчид нь ч илүү соёлтой боловсон гэж хэлж болно. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, илүү олон дуучин ирээсэй гэж хүсч байна.

-Би ер нь хөгжмийн наадмуудыг үздэг л дээ. Гэхдээ XMF бусад шоунаас илүү чанартай уран бүтээлчид авчирдаг. Дээрээс нь рок урсгалыг оруулж ирээсэй гэж боддог. Жишээ нь манай найзууд ихэнх нь рок. Тэгэхээр рокууд оролцоосой гэж хүсч байна. Хэдийгээр Playtime гэж шоу байгаа ч XMF нь хотын төвд зохион байгуулагддаг болохоор илүү олон хүн ирэх боломжтой” хэмээн санал бодлоо илэрхийллээ.

Хуур фестиваль зохион байгуулалтын хувьд ч сайн байж чадлаа гэж хэлэх хүн олон байв. Артистууд яг постерт бичигдсэн нэрсийнхээ дарааллаар тайзнаа гарч байсан нь үзэгчдэд сэтгэгдэл төрүүлж байсныг хажуу дэргэдээсээ цөөнгүй сонсож явлаа.

Шоу гэдэг жинхэнэ утгаараа энэ байна даа гэж хэлэх ч хүн энд олон таарсан юм.

Өнгөрсөн үдэш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор гаднагүй залуусаар дүүргэж чадсан “Хуур” олон улсын хөгжмийн наадам өнөөдөр EDM урсгалаар үргэлжилнэ. Шинэ цагийн шилдэг артистуудын уран бүтээлийн хэмнэл дор нэгдэж, бусдаас хоцролгүй хөл нийлүүлэн алхаж, эрч хүчийг мэдрэхийг хүсвэл энэ наадмыг бүү алгасаарай.

Сурвалжилсан: Б.Энхмаа

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “Цэнгэлдэхийг дүүргэсэн XMF-ийн эхний үдэш

  1. zochin 2019-08-27 11:36 at 11:36

    suchka

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн