(Дайн эхэлсний 105 жилийн ойд)
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн цуст мөргөлдөөний нэг болох Дэлхийн нэгдүгээр дайн эхэлснээс хойш 105 жил өнгөрчээ. Энэхүү дэлхийн хэмжээний мөргөлдөөн нь дөрвөн эзэнт гүрнийг сүйтгэж, олон сая хүний амь насыг авч явж, Европын болон дэлхий дахины түүхийг бүрмөсөн өөрчилж, оролцогч бүх улс орнуудын ирээдүйд асар их нөлөө үзүүлсэн бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайн буюу улам аймшигт, улам цуст дайныг сэдээсэн. Бид Дэлхийн нэгдүгээр дайны дараа түүхэн шинэ хуудсаа эхлүүлсэн Орос Улс энэхүү зууны онцлох үйл явдалд хэрхэн оролцож байсан тухай монгол уншигчдадаа сонины нийтлэлийн хэмжээнээс хамааран товч ярьж өгмөөр байна.
Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхээс өмнөх хэдэн жилийн турш улс, нийгэм хоорондын болон эдийн засгийн янз бүрийн зөрчилдөөн, сөргөлдөөний тоо улам олширч, олон улсын харилцааны тогтолцооны хямрал гүнзгийрсээр байв. Эдгээр явдлууд нь хуримтлагдсаар 1914 онд дэлхий нийтийг хамарсан хямралыг үүсгэж, урьд өмнө үзэгдээгүй өргөн хүрээний зэвсэгт мөргөлдөөн эхлэхэд хүргэсэн юм. Европын олон гүрнүүд аливаа нэгэн хэлбэрээр татагдан орсон 1912-1913 оны Балканы дайныг Дэлхийн нэгдүгээр дайны оршил хэмээдэг. Орос Улс энэ асуудлаар зуучлагчийн үүргийг гүйцэтгэн оролцохыг нэг бус удаа санал болгож байсан ч талууд түүний саналыг хүлээн аваагүй байдаг. Тиймээс ийнхүү нөхцөл байдалд дайны эрсдэлийг өөрөөсөө аль болох зайлуулах, үймээн самуунтай бүс нутагт, тэр дундаа Балкан дахь тэнцвэртэй байдлыг хадгалан үлдэх явдал нь Оросын дипломат албаны гол зорилго болж байв.
Хар тэнгис, Газар дундын тэнгис, Балканы бүс нутаг зэрэг Оросын гадаад бодлогын уламжлалт болсон чиглэлд Франц, Англи, Герман, Австри-Унгар зэрэг Европын тэргүүлэх гүрнүүдийн зөрчилдөөн, өрсөлдөөн эрчээ авч байгааг харгалзан үзэж, Оросын дипломат алба үйл ажиллагаагаа эрчимжүүлж, холбоотнууд болон түншүүдээ зөв тодорхойлох шаардлагатай тулгарав. Түүнээс гадна Хятад, Иран, Турк зэрэг Азийн олон орнуудад дотоодын нөхцөл байдал тогтворгүй болсноос үүдэн үүссэн нөхцөл байдал нь нэмэлт анхаарлыг татах болсон ба түүнийг нь Англи, Франц, Герман, АНУ-тай харилцаагаа тодорхойлохдоо тооцоолох шаардлагатай болжээ.
Орос дайныг хүсээгүй бөгөөд түүнийг урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчлав. Гадаад харилцааны сайд С.Д.Сазонов болон эзэн хаан II Николай өөрийн биеэр 1914 оны 7-р сарын сүүл хүртэл асуудлыг энхийн, дипломат аргаар шийдвэрлэхийн төлөө тэмцэж байв. Гэвч Герман Улс нь өөрийнхөө хувьд асуудлыг нэгэнт шийдсэн байсан ба 8-р сарын 1-нд Орост, 8-р сарын 3-нд Францад дайн зарлав. 8-р сарын 4-нд Их Британи дайнд оров. Орос Улс нь дотоодын бүх үйл явдлуудаа албадан, эрчимтэй хурдатгаж, армиа шинэчлэн зохион байгуулж, цэргийн флотоо сэргээв.
Орос Улс Антантагийн хүрээнд хүлээн авсан үүрэгтээ үнэнч хэвээр байсан бөгөөд нэг бус удаа холбоотнууддаа тусалж байсан. Жишээлбэл, 1914 оны 8-р сард ялагдахын даваан дээр байсан Франц нь баруун фронт дахь Германы дарамтыг сулруулах үүднээс Дорнод Прусс руу довтлох ажиллагаагаа аль болох түргэн эхлүүлэхийг Оросын засгийн газраас хүсчээ. Оросын командлал төлөвлөөт үйл ажиллагааг эхлүүлэхэд бүрэн бэлдэж амжаагүй байсан ч аливаа эргэлзээгүйгээр холбоотондоо туслав. Үүнийхээ төлөө оросууд маш өндөр үнийг төлсөн. Гэсэн хэдий ч германчууд баруун фронтоос цэргийн хоёр корпусыг татаж, Оросын фронт руу шилжүүлснээр Франц аврагджээ.
Оросын зэвсэгт хүчнийг зохих ёсоор өөрчлөн зохион байгуулаагүй, цэргүүд дайнд бэлэн бус байсан ч байлдааны ажиллагааны үеэр тэд өөрсдийгөө хамгийн сайн талаас нь харуулж чадав. Оросын арми 55 тулаанд оролцсоны 22-т нь ялалт байгуулжээ. 100 гаруй жилийн өмнөх үйл явдлыг задлан шинжилж үзвээс Дэлхийн дайны фронт дээр эр зоригтойгоор тулалдаж байсан Оросын цэрэг, офицеруудын гэгээн дурсгалыг бид хүндэтгэх ёстой. Цэргийн доод цолтой сая гаруй хүн Гэгээн Георгийн одонг хүртсэн ба 5000 орчим офицер Гэгээн Георгийн 4-р зэргийн одонгоор шагнагджээ. Үүний хажуугаар Орос Улс асар их хэмжээний хохирол амссан. Сая гаруй хүн нас барж, 4 сая орчим цэргийн албан хаагчид шархдан бэртжээ.
Орос улсын хувьд энэхүү дайн нь аугаа баатарлаг үйл, мөн асар их эмгэнэл болсон ба чухам энэхүү дайн тулаан нь улс орныг хувьсгалд, мөн эрх мэдлийн төлөөх цуст тэмцэлд хүргэсэн билээ. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Зөвлөлт засгийн эрхэм зорилгын нэг нь Оросыг Дэлхийн нэгдүгээр дайнаас гаргах явдал байв. Дайтаж буй орнуудын зөвхөн засгийн газруудад төдийгүй ард түмэнд нь хандан гаргасан «Энхийн тухай тунхаг»-т Зөвлөлт засгийн газар дайныг империалист, дээрмийн хэмээн буруушааж, элдэв түрэмгийлэлгүй, дайны төлбөргүй, шударга ардчилсан энх тайвны гэрээ байгуулахын төлөөх яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлэхийг санал болгож байв. 1917 оны 11-р сарын 8-нд дайсагнаж буй орнуудын элчин сайдуудад нэн яаралтай эвлэрч, нээлттэй, энх тайванч яриа хэлэлцээ эхлүүлэх саналтай албан тоотуудыг илгээжээ.
Тэр үед Кайзерын Герман нь хүний нөөцөө аль хэдийнээ шавхсан байсан тул бүх фронтууд дээр амьд хүчний алдагдлаа нөхөх боломжгүй, мөн чадваргүй болжээ. Энэхүү нөхцөл байдал нь Засгийн газрыг хоёр фронт дээр зэрэг дайтахаас татгалзахад хүргэв. Тэгээд ч Германы армийн дээд командлал 1918 оны хавар Баруун фронтын дагуу томоохон хэмжээний давшилтын ажиллагаанд бэлдэж байв. Ийм нөхцөлд Германы засгийн газар Орос улстай дайныг зогсоох хэлэлцээ хийхийг илүүд үзэж, 1917 оны 11-р сарын 27-нд Оросын эвлэрлийн тухай саналд нааштай хариу өгчээ. Антантын гүрнүүд энх тайвны хэлэлцээг үгүйсгэн, санаатайгаар тасалдуулахыг оролдсон учир Зөвлөлт Орос Улс энэхүү яриа хэлэлцээг ганцаар эхлүүлэхээс өөр аргагүй болов.
1918 оны 3-р сарын 3-нд Брест-Литовскийн энх тайвны гэрээ байгуулагдав. Түүнд гарын үсэг зурахаасаа өмнө Зөвлөлтийн төлөөлөгчид мэдэгдэл хийсэн ба түүнд: «Өдгөө Брест-Литовскод байгуулж буй энхийн тухай хэлэлцээр нь Орос, Герман, Австри-Унгар, Болгар болон Туркийн ард түмнүүдийн чөлөөт хүсэл илэрхийлэл дээр суурилан тулгуурласан энх тайван биш юм. Ийнхүү энх тайвныг тогтоон мандаахдаа бид гартаа зэвсэг атгаж байна. Энэхүү энх тайвныг хувьсгалт Орос шүд зуун хүлээн авахаас өөр аргагүй байлаа» хэмээжээ.
Герман дахь хувьсгал болон түүний дайны ялагдал нь нөхцөл байдлыг эрс өөрчилсөн бөгөөд энэ ялдамд хүчинд автагдан гарын үсэг зурсан тонуулын Брест-Литовскийн гэрээнээс өөрийгөө чөлөөлөх боломж Зөвлөлт Орост олдов. ЗСБНХОУ-ын Бүх Оросын Гүйцэтгэх Төв Хорооны 1918 оны 11-р сарын 13-ны өдрийн тогтоолоор Брест-Литовскийн энх тайвны гэрээ, 1918 оны 8-р сарын 27-ны Орос-Германы нэмэлт гэрээг цуцлав.
Хүн төрөлхтний түүхэн дэх анхны дэлхийн дайн 1918 оны 11-р сард Компьений энхийн гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон гэж үздэг ба уг баримт бичгийн үндсэн дээр Дөрвөн талт холбооны гол улс болох Герман ба Антантын хооронд байлдааны үйл ажиллагаа бүрэн зогссон байдаг. Гэсэн хэдий ч энэхүү дайны эцсийн үр дүнг нэгтгэн дүгнэх, Европ, Африк, Ази болон Номхон далайн орнуудын нутаг дэвсгэрийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх, дайны дараах дэлхийн дэглэмийн зарчмуудыг боловсруулахын тулд ялагч орнууд нь олон улсын энх тайвны бага хурлыг зарлан хуралдуулах шаардлагатай тулав. Энэхүү хурал нь 1919 оны 1-р сарын 18-наас 6-р сарын 28-ны хооронд Парис хотод болж өнгөрсөн ба түүнд оролцохоор нэг талаас Их Британи, Франц, АНУ, Япон болон Италийн, нөгөө талаас Германы төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Антантын ялалтад асар их хувь нэмэр оруулсан Орос улс 1918 онд германчуудтай Брестийн энхтайвны гэрээ байгуулснаас уг хуралд уригдаагүй учир Версалийн энхийн гэрээг зөвшилцөн боловсруулах болон түүнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцох боломжгүй байлаа.
Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлийг тавьж, дайны дараах дэлхийн шинэ дэг журмыг тогтоосон Версалийн гэрээ нь өнгөрсөн зууны эхэн үеийн хамгийн чухал олон улсын эрх зүйн баримт бичгүүдийн нэг болсон юм. Германы холбоотнуудтай байгуулсан хэлэлцээрүүд болон Вашингтонд болсон бага хурлын (1921 оны 11-р сар – 1922 оны 2-р сар) үеэр хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгүүдийн хамтаар уг гэрээ нь Версаль-Вашингтоны олон улсын харилцааны тогтолцоо хэмээх тохиролцооны үндэс суурь болсон билээ.
Гэсэн хэдий ч эцсийн дүнгээр энэхүү Версалийн энхийн хэмээх гэрээ нь Германы ард түмний дунд өшөөгөө авах сэтгэлгээ тархан дэлгэрэх явцад хувь нэмрээ оруулж, нацистууд засгийн эрхэнд гарах замыг нь бэлдсэн байдаг. Европ дахь тэнцвэрт байдлын талаарх Англи-Францын зөрчилдөөн, АНУ Европ дахь үйл явдлуудаас сайн дураараа хөндийрсөн явдал, Гитлерийг тайтган тайвшруулах Барууны гүрнүүдийн бодлого, ЗСБНХУ-ыг тусгаарлан ганцаардуулах гэсэн оролдлого зэрэг нь XX зууны 30-аад оны сүүлээр Версаль-Вашингтоны олон улсын харилцааны тогтолцоог сүйрүүлэхэд хүргэв.
Орос Улс өөрсдийн баатруудаа ямагт санан дурсаж, хүндэтгэдэг. Дэлхийн нэгдүгээр дайны Ардын архив байгуулагдаж, Москва дахь Хүндэтгэлийн дэнжид Дэлхийн нэгдүгээр дайны баатруудын гэгээн дурсгалд зориулсан хөшөөг босгосон ба Оросын бусад хотуудад ч мөн адил хөшөө дурсгалуудыг сүндэрлүүлжээ. Тэрхүү аймшигт мөргөлдөөнд Оросын оруулсан хувь нэмэр, үүргийг эргэн сануулахын тулд гадаадад бас өргөн хүрээний ажлуудыг хийж, тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тухайлбал, Францад Оросын экспедицийн корпуст зориулагдсан дөрвөн хөшөөг босголоо. Түүнчлэн Словенид 2016 онд Ерөнхийлөгч В.В.Путин Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үеэр олзлогдсон Орос цэргүүдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөөг нээлээ.
Өнөөдөр бид дэлхийн нэгдүгээр дайны түүхийг буруутай этгээдүүдийг нь олж тогтоохоор, эсвэл оролцогчдыг нь ялагчид болон ялагдагчдаар нь ялган салгахаар эргэн сөхөөгүй. Европын болон дэлхийн хамтын нийгэмлэгийн ирээдүй нь өөрсдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нөгөө талдаа хохирол учруулахад, мөн хүчээр далайлгахад бус харин эв нэгдэл, хамтын ажиллагаа болон үндэсний, бүс нутгийн болон бүх дэлхийн нийтийн ашиг сонирхлыг зөвшилдөн хангахад оршино гэдэг нь тэрхүү үйл явдлыг гол сургамж билээ. Тогтвортой аюулгүй байдал нь зөвхөн эрх тэгш, салан хуваагдашгүй байж болно. Энэхүү зарчим нь ОХУ-ын Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан ба уг баримт бичиг нь олон улсын эрх зүйг дээдлэн, олон улсын тулгамдсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх зарчимд суурилсан шударга, ардчилсан дэлхийн дэг журмыг тогтооход чиглэсэн болно.
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС
МОНГОЛ УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД
И.К.АЗИЗОВ