Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын сүүлээр ихэнх нутгаар борооотой байх аж. Тухайлбал, наймдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Мөн ихэнх нутгаар салхтай байх бөгөөд наймдугаар сарын 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Харин нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-3 градус хүртэл дулаан хөрсөн дээр цочир хүйтэрхийг анхааруулж байна. Төв болон нутгийн зүүн хэсэг, уулархаг газруудаар өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй байгааг албаныхан анхаарууллаа.
Бaруун аймгуудын нутаг: Энэ сарын гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутаг: Наймдугаар сарын гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.
Зүүн аймгуудын нутаг: Наймдугаар сарын гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж болзошгүй.
Говийн аймгуудын нутаг: Наймдугаар сарын гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үе, мөн гуравдугаар арав хоногийн эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.