БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны удирдлага манай улсад айлчилж, хоёр орны ХАА-н яам хоорондын Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Хуралдаанаар Ажлын хэсгийн дарга нар Монгол, Хятадын ХАА-н салбарын талаар товч танилцуулж, санал солилцож, дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Үүнд:
БНХАУ-ын “Итгэлийн сан”-гийн санхүүжилтээр НҮБ-ын Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зүүн бүсийн малыг эрүүлжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
Мал эмнэлгийн салбарт хил дамнан халдварладаг мал, амьтан тэдгээрийн гаралтай өвчинтэй тэмцэх, тогтмол мэдээлэл солилцдог талбар (платформ) байгуулан ажиллах,
Монгол Улсын баруун бүсийн салаа туурайтай малын маханд тавьсан экспортын түр хоригийг цуцлуулахад “Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага”-ын зөвлөмжийг баримтлан техникийн хамтын ажиллагааг эхлүүлэх,
ХАА-н бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх,
МАА-н салбарт малын үржил, генетик нөөцийг сайжруулах чиглэлээр хоёр орны эрдэмтдийн хамтарсан судалгааны ажлыг дэмжин ажиллах,
Газар тариалангийн салбарт таримал, ургамлын шинэ сорт турших, бага оврын трактор, ХАА-н машин угсрах үйлдвэрийг Монгол Улсад байгуулах чиглэлээр техник, туслалцааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
Хүнсний үйлдвэрлэлийн салбарт, Хятадын ХААХТЯ-ны харьяа байгууллага болох “Органик хүнсний баталгаажуулалтын төв”-тэй хамтран ажиллаж, Монголд үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох “замын зургийг” гаргах
Цаашид салбарын боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр албан хаагчдыг богино, дунд хугацааны сургалт семинарт тогтмол хамруулахаар тохиролцов.
Хуралдааныг ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, БНХАУ-ын талаас ХААХТЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Ма Хунтао нар ахлан ажиллалаа. Хуралдааны төгсгөлд хоёр тал хэлэлцэж, тохирсон үйл ажиллагааны хүрээнд Зөвлөлдөх ажлын хэсгийн VII хуралдааны протоколд гарын үсэг зурж баталгаажуулав.