Та бизнес эрхэлдэг үү, эсвэл ажил хийдэг үү? Ямар ч байсан танай гэр бүлийн орлого хаашаа зарцуулагддаг болохыг та мэдэх үү? Өрхийн хэрэглээгээ хангаад, илүүг нь ирээдүйдээ зориулж, хадгаламжиндаа хуримтлуулж байгаа юу? Бодит байдал дээр ихэнх хүмүүс банкинд, эсвэл хэн нэгэнд зээлтэй, зээлээ төлөөд илүүгээр нь ажил амьдралаа залгуулан явж байгаа билээ.
Судалгаагаар залуу гэр бүлүүдийн дийлэнх хувь нь өөрсдийгөө дундаж амьдралтай гэж тодорхойлжээ. Гэхдээ үнэн хэрэгтээ өөрсдийгөө дундаж амьдралтай гэж тодорхойлсон гэр бүлүүдийн талаас илүү хувь нь зээлээр хэрэглээгээ зохицуулж, зээлээ барагдуулахын төлөө ажиллаж амьдарч байна. Харин энэхүү их нугачаан дунд өрхийн санхүүгээ хэрхэн “эрүүл” болгох вэ? Бид та бүхэнд дараах 3 алхмыг зөвлөж байна.
Алхам 1. Нөхцөл байдлаа тодорхойлох
Олж буй орлогынхоо хэдийг хааш нь зарцуулж байгаагаа мэдэхгүй бол хэдийг хэмнэх, эсвэл хуримтлуулахаа мөн адил мэдэж чадахгүй. Тиймээс орлого зарлагаа бүртгэж, бодит нөхцөл байдлаа тодорхойлох нь чухал. Ингэхийн тулд хамгийн түрүүнд танай өрхийн бүх зардал болох гадагш чиглэсэн бүх мөнгөний төлбөрийн баримтуудаа цуглуулж хэвш. Ийнхүү цугласан баримтуудаа сар сараар нь, зардлын төрлөөр нь үдэж цэгцлэх ба давхар Эксел програм дээр бүртгэлээ хөтлөөд явж болно. Мөн ebarimt.mn-д анхан шатны баримтуудаа бүртгүүлээд төрлөөр нь ангилаад явбал автоматаар хувилагдаад гарч ирнэ.
Тодорхой хугацаанд, магадгүй 3 сарын турш бүх зардлуудаа бүртгээд, ангилаад, нэгтгээд хамгийн их зардал аль нь болох талаар дүгнэлт хийсэн гэж төсөөлье. Хэрэв олж байгаагаасаа ихийг зардаг бол асуудал нэлээд ноцтой, илүү зарсны хэрээр зээл тань өсөөд байгаа гэж ойлгож болно. Ямартай ч бодит нөхцөл байдлаа тодорхойлж чадсан бол одоо нөхцөл байдлаа зорилготойгоо уялдуулж үзье. Ихэнх гэр бүл ийнхүү бодит нөхцөл байдлаа үнэн зөв тодорхойлж сураагүй урсгалаараа явдаг учир өрхийн санхүүгээ зөв барьж явахад хүндрэл гардаг.
Алхам 2. Зорилгоо зөв тодорхойлох
Эхний алхамд танай гэр бүл хэдэн төгрөгний орлого зарлага гаргадаг болон юунд илүү их мөнгө зардагаа тодорхойлсон. Харин энд хаана хүрмээр байгаагаа эргэцүүлж үзэх буюу зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Айл өрх бүрт зорилго бий. Амьдралын нөхцлөө сайжруулаад өөрийн гэсэн орон гэртэй болох, гэрээ байшин болгох, байшингаа орон сууц болгох, машинтай болох, эсвэл өөрийн гэсэн эд хөрнөгөтэй болох гэх мэтийн аль нь ч байж болно. Асуудал нь, өмнөх алхмын дагуу нөхцөл байдлаа тодорхойлоод үзэхэд зорилгодоо хэзээ ч хүрэхээргүй байвал яах вэ? Тэгвэл зорилго энгийн байх тусмаа биелэх боломж нь бодитой. Танай гэр бүл аялал зугаалгад дуртай бол зуны амралтаар аялал төлөвлөж хэрэгжүүлж үзээрэй. Яг хэзээ, хэдэн төгрөгийн төсөвт багтаагаад, хаашаа яаж яваад ирэхээ тодорхой төлөвлөөд, түүндээ хүрээд үзээрэй. Учир нь жижиг боловч тодорхой зорилгууд тавьж, түүндээ шат дарааллаар нь хүрч чадвал том зорилгодоо хүрэх дадал зуршил, мөн чадвар танай гэр бүлд бий болно.
Алхам 3. Хуримтлалыг бий болгох
Өрхийн санхүү тань “эрүүл” эсэхийг тодорхойлох нэг үзүүлэлт нь хуримтлал юм. Хуримтлуулж чадаж байгаа бол санхүүгээ зөв удирдаж чадаж байна гэсэн үг. Тэгэхээр хэрхэн хуримтлалтай болох вэ? Хэрэгцээний гачигдлаасаа салж, онцын шаардлагагүй эд зүйл зээлээр худалдаж авахгүй байх нэг арга бий. Урьдчилгаагүй зээлээр, эсвэл хүүгүй лизингээр тавилга, машин, эсвэл гар утас авах хэрэггүй. Оронд нь тодорхой дүнгээр сар бүр хуримтлал үүсгээрэй. 6 сар, эсвэл 1 жилийн хугацаанд хуримтлал үүсгэхээр зорилго тавьж, түүндээ хүрээд үзээрэй.
Та энэ нийтлэлийн эхний алхамд дурдсанчлан өрхийн зардлаа бүртгэн нэгтгэж, дүгнэлт хийсэн бол хэрэггүй зардлуудаа мөн адил мэдэж авсан байх болно. Тэдгээр хэрэггүй зардлуудыг хасч, мөн зарим зардлыг ухаалгаар зарцуулснаар хуримтлал үүсгэх боломжийг та өөрөө бий болгож чадна. Хүнсний зүйлсээ ойролцоо дэлгүүрээс ширхэглэн худалдаж авснаас бөөний худалдаанаас бөөний үнээр, их хэмжээгээр авах нь зардлаа ухаалгаар зарцуулж байгаа хэрэг болж чадна гэх мэт өрхийн санхүүгээ зөв зохистой удирдах аргууд хуримтлал үүсгэхэд тань ихээхэн тусыг хүргэж чадна.
Эх сурвалж: sanhuuch.mn