УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулга авсанаа хүргэж байна.
-АН-аас гаргасан зарим саналыг хүлээн авах боломжгүй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
–АН-аас гаргасан 25 саналын 17-г нь хүлээн авах боломжтой. Эдгээр нь журмын хуулиараа хөндөгдсөн асуудал байсан. Харин найман саналыг нь хүлээн авах боломжгүй. Учир нь тэдгээр нь төсөлд тусаагүй заалтууд байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ын гаргаад байгаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох тухай асуудал нь УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд ч тэр, Ерөнхийлөгчийн төсөлд ч дурдаагүй асуудал. Гэтэл өргөн бариагүй асуудлаар нам, эвсэл бүлэг шийдвэр гаргах хориотой. Зарим нэг асуудлыг нь хөндөгдсөн өөр заалт руу оруулж ярьж болох юм. Тухайлбал, орон нутгийн татвар хураамжтай байх тухай заалтыг 57.4 дээр оруулах санал АН өгсөн. Түүнийг хуулийн төслийн 59 дүгээр зүйл дээр оруулж ярьж болох юм.
-Засгийн газрын өрийн таазыг Үндсэн хуулиар тогтоох тухай санал АН илгээсэн. Тус саналыг хэрхэх вэ?
-Засгийн газрын өрийг ДНБ-ий 60 хувьтай байх тухай санал АН гаргасан. Үүнийг заавал “Үндсэн хуульд заах хэрэг байхгүй” гэж бид үзэж байгаа. Үндсэн хууль доод тал нь 20 жил, дээд тал нь 50 жил өөрчлөгдөхгүй шүү дээ. Тиймээс ийм хатуу заах хэрэг байна уу. Монгол Улс явцын дунд өрөө нэмэгдүүлэх шаардлага үүсвэл яах уу. Өнөөдөр бол Засгийн газрын өр ДНБ-ий 57 хувьтай байна. Хэрэв энэ шаардлагын тухай ярьвал шүү дээ. Харин асуудлыг Үндсэн хуульд заахгүйгээр Өрийн удирдлагын тухай хууль, Тогтвортой байдлын тухай хуульд босго тавиад, зохицуулж болно.
-Ерөнхийлөгчийн санал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн санал дээр зөвшилцөж байна. Зөвшилцөх ажил дуусах шат руугаа орсон. Өнөөдөртөө багтаагаад бүлэг хуралдах болов уу гэж бодож байна.
-Шүүх засаглал дээр Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авбал “Одоогийн энэ “хонгил” хэвээрээ үлдэнэ” гэсэн болгоомжлолыг хуульчид хэлж байна. Энэ саналын тухайд зөвшилцөл ямар үр дүнтэй байна вэ?
-УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөл бол шүүхийн бие даасан хараат, дотроосоо бүрэлддэг чиглэл рүү явсан. Хуульчдын холбоо ч ийм байх ёстой гэсэн саналтай байсан. Манай намын бүлэг энэ асуудлыг шийдээгүй байна. Энэ бол зөвшилцөөний нэг гол асуудал.
-“МАН-ын 62 гишүүн хоёр хуваагдаад Үндсэн хуулийн асуудал гацаанд орлоо” гэдэг яриа байна. Энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Хариуцлагатайгаар хэлье. МАН-ын бүлгийн гишүүд ямар нэгэн хэлбэрээр хоёр хуваагдсан, зөвшилцөл гацаанд орсон зүйл байхгүй. Зөвшилцөлд хоёр субъект байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, АН гэсэн. Манай нам “Энэ хоёртой зөвшилцъе. Эдгээрийн саналыг авъя” гэж хэлэлцсэн. “Үндсэн хууль зөвшилцлийн баримт бичиг байх ёстой” гэдэг байр сууринаас хандаж байгаа юм. Тиймээс манай намын байр суурь гацаанд ороогүй.
-Засгийн газрыг унагах тухай яриа мөн байна л даа. Үүнийг бас тодруулъя?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөвшилцлийн асуудалд оролцож буй субеъктууд болон бусад бүлэг “МАН-ыг хуваах юмсан. Аль болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гацаах юмсан” гэсэн сонирхолтой байх шиг байна. Тэр утгаараа нийгэмд худал мэдээлэл тарааж байна. Ингэхдээ хоёр чиглэлээр явж байх шиг байна. Нэгдүгээрт, МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, Үндсэн хуулийг хэлэлцэхгүй байна гэж тарааж байгаа юм. Энэ бол үндэслэлгүй зүйл. Хоёрдугаарт нь, “27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барих гэж байна” гэж яриад байгаа юм. Мөн үндэслэлгүй. Бид мэдээллийн эх үүсвэрүүдийг шалгаж үзээд, зохион байгуулалттай ажил гэж үзэж байгаа.
-Ард нийтийн санал асуулга явуулах уу?
-АН-аас ард нийтийн санал асуулга явуулах санал гаргаж байгаа. Манай нам агуулгынхан хувьд дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг хуулийн дагуу явуулах ёстой. Хуулийн дагуу гэхээр хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа УИХ ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгээ заавал хэлэлцэж, шийдэх ёстой.
Эх сурвалж: Eagle.mn