Улаан бурханы халдвараас бүрэн ангижирсан хэмээн гурван жилийн өмнө зарлаж байсан Их Британид уг халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан вакцинжуулалтын талаарх буруу ташаа мэдээллийг зогсоох арга хэмжээнүүдийг авж хэрэгжүүлэхээр болжээ.
Хоёр тун вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой улаан бурханы халдварын тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байна. Энэ оны эхний хагаст дэлхийн улс орнуудад бүртгэгдсэн улаан бурханы тохиолдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн байна.
“Их Британи “улаан бурхангүй орон” боллоо хэмээн албан ёсоор мэдэгдсэнээс хэдхэн жилийн дараа уг халдварын олон зуун тохиолдол энэ онд бүртгэгдлээ. Улаан бурханаар халдварласан нэг хүний ард маш олон тохиолдол бүртгэгдэх эрсдэлтэй байдаг тул уг халдварыг зогсоохын тулд илүү их хүчин чармайлт гарган ажиллах болно” гэж тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.
Мөн тэрбээр, өөрсдийгөө болон хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулахгүй байхыг илүүд үздэг хүмүүсийн тоо нэмэгдэж буй нь дэлхий дахинд тулгамдсан сорилтуудын нэг болж байгаа хэдий ч уг асуудлыг шийдвэрлэх дорвитой алхмуудыг хэрэгжүүлнэ гэж хэлсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Европт 2019 оны эхний зургаан сарын хугацаанд улаан бурханаар халдварласан 90 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны нийт үзүүлэлтийг давсан байна. Үүний зэрэгцээ АНУ-д улаан бурханы халдвар авсан хүмүүсийн тоо сүүлийн 25 жилд хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрчээ.