Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа.
Нийслэл хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтууд болон зарим нэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хотын Захирагч С.Амарсайхан дэлгэрэнгүй мэдээлэхийн сацуу Монголын Барилгын үндэсний Ассоциацитай уялдаа холбоогоо нэгтгэж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “ Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж хотын бүтээн байгуулалт өрнөх ёстой. Төрийн хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ сайн биелүүлсэн компаниудад үл хөдлөх хөрөнгийн татварыг хөнгөлөх зэргээр харилцан бие биенээ урамшуулдаг тогтолцоотой ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дуулгав. Утааг бууруулж, гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодлогын хүрээнд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад, Монголын Барилгын үндэсний Ассоциацтай тогтмол эргэх холбоотой шаардлагатай үед ажлын хэсэг байгуулан хамтарч ажиллах хэрэгтэй байгааг хэлсэн юм.
Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийн зүгээс нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, хамтарч ажиллах 13 саналыг хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс