Одоогоос гурван жилийн өмнө ОХУ-ын Ту-154 агаарын хөлөг Сири руу нисэх замдаа халдлагад өртөж, сүйрэхэд дэлхийд алдартай, А.В. Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулгын 68 уран бүтээлч бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэд Сири дэх “Хмеймим” агаарын цэргийн баазын цэрэг дайчдадаа шинэ жилийн мэнд хүргэж, урам зориг, эрч хүч, сэтгэлийн тэнхээ хайрлах тоглолт хийхээр зорьж явсан юм. Тухайн үед тоглолтын бүрэлдэхүүнд А.В. Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулгын хамгийн алдартай уран бүтээлчид багтаж байв. Дэлхийн сая, сая шүтэн бишрэгчдэд харуусал үлдээн олдсон энэ хэрэг явдлаас хойш тус чуулга баг бүрэлдэхүүнээ залуу уран бүтээлчдээр нөхөж, цэрэг дайчдад урам зориг хайрлан дэлхийн олон улсад тоглолтоо хийж байгаа бөгөөд Монгол Улсад удахгүй ирж, наймдугаар сарын 28-нд Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийнэ.
Тоглолт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулагдаж байгаа юм. А.В. Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулга нь Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлж, тэднийг дэлхийд нэрд гарахад нь маш их нөлөө үзүүлсэн билээ. Тодруулбал, 1964 онд Монгол Улсад тус чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирэхдээ Монголын уран бүтээлчдэд дэлхийн сонгодог бүжгийн эргэлт, үсрэлт, бие даасан номерыг заан сургаж, ур чадварыг дээшлүүлж ирсэн. Мөн “Цэргийн нөхөрлөл” бүжгийг монголчуудад зааж өгч байв. Энэ бүжгийг Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид өнөөдрийг хүртэл урын сандаа хадгалж, бүжиглэж явж байна.
А.В. Александровын чуулгыг Монгол Улсад ирэх хүртэл манай улсад эрэгтэй гоцлол эргэлт, үсрэлттэй номертой бүжигчингүй байсан гэдэг. Энэ үед буюу 1980-аад онд тус чуулгад 22 жил бүжиглэсэн уран бүтээлч, багш Монгол Улсад хоёр жил ажиллахдаа цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн өндөр түвшинд хүрэхэд нь нөлөөлсөн гэдэг.
1978 онд А.В. Александровын чуулгын 50 жилийн ой тохиох үед Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн чуулгын дарга н.Батбаяр оролцож байв. Тэрбээр баярын арга хэмжээнд оролцоод зогсохгүй, чуулгын уран бүтээлчдийн бэлтгэлийг ажиглаж, харсан үзсэнээ эргээд Монгол Улсынхаа уран бүтээлчдэд зааж сургаж иржээ.
Монгол Улсын цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид эрэгтэй, эмэгтэй холимог байв. Харин А.В. Александровын чуулгын уран бүтээлчид дан эрчүүд байжээ. Түүнийг нь монголчууд дуурайж, 1969 онд Монголд анх удаа эрэгтэй найрал дууны хамтлаг бий болгожээ. Одоо тэднийг гүйцэх уран бүтээлчид гарахгүй байгаа талаар н.Батбаяр ярьж байлаа.
Тэр цагаас хойш Монгол Улсын Цэргийн дуу, бүжгийн чуулгыг А.В. Александровын нэрэмжит чуулгын дүү хэмээн нэрлэж, дэлхий нийт маш өндрөөр үнэлэх болов. Социализмын үед А.В. Александровын чуулгын бүхий л дууг манай уран бүтээлчид дуулдаг байсан. Харин А.В. Александровын нэрэмжит чуулга манай “Ижилдээ ганцхан шарга” дууг дуулж, монголын ард түмнийг баярлуулж байсан удаатай.
Энэ талаар Монгол Улсын Консерваторийн бүжгийн зөвлөх багш, МУГЖ Ц.Алтангэрэл дурсахдаа, Монгол Улсын Консерватор тус чуулгатай албан ёсоор хамтран ажилладаггүй ч А.В. Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулгын сургалтын хөтөлбөрийг судалж, бүжигчдээ мэргэжлийн түвшинд бэлддэг гэлээ.
“Би 1974 онд Хөгжим бүжгийн сургуулийг төгсөөд Улсын ардын дуу бүжгийн чуулгад бүжигчнээр ажиллаж эхэлсэн. Намайг хүүхэд байхад 1950-аад онд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын цэргийн дуу, бүжгийн чуулга Монгол Улсад хүрэлцэн ирж, уран бүтээлээ олон нийтэд толиулж байсан. Дараа нь 1980-аад онд Монгол Улсад дахин хүрэлцэн ирэх үед нь тоглолтыг нь үзэх хувь тохиосон.
Цэргийн дуу, бүжгийн чуулга тул Зөвлөлтийн цэрэг дайчдадаа урлагаар дамжуулан урам зориг өгдөг байсан дэлхийн гайхагдсан том чуулга юм. Халх голын байлдааны ялалтын ойн баярыг тохиолдуулан манай улсад хэд хэдэн удаа ирж байсан түүхтэй. Хамгийн гол нь цэрэг, эх орны тухай дуу бүжгээр манайд тоглолт хийж байсан. Тэдгээрийн дотор Зөвлөлтийн маш сайн дуучин, сайхан теонер хоолойтой дуучин Беляев “Ижилдээ ганц шарга” дууг дуулж, Монголын ард түмнийг баярлуулж байсан юм. Хожим нь тэр дууг өөр дуучид нь дуулах болсон байна лээ. Гэхдээ тэр дуу бол А.В.Александровын чуулгын урийн санд орсон дуу байгаа юм.
Харин бүжгийн хувьд яривал зөвхөн өөрсдийн цэрэг дайчдын, үндэсний бүжгээ бүжиглэдэг. Тухайлбал, орос пляск, ардын бүжиг гэх мэт
Социализмын үед Монгол, Орос соёлын маш сайхан харилцаатай байлаа. Халх голын байлдааны үед Орос цэргүүд бидэнд тусалж агуу ялалтыг эх орондоо авчирсан тэр талаас нь монголчууд энэхүү цэргийн чуулгад маш хүндэтгэлтэй хандаж, тоглолтуудыг нь шимтэн үзэх дуртай байлаа. Одоо ч мөн адил ялгаагүй хүлээлттэй байна.
Бид Александровын чуулгатай урлагийнх талаас хамтран ажилладаг гэхдээ албан ёсоор биш. Учир нь, манай консерваторид олон үндэстний бүжгийн хичээл бий. Тэр дундаа Оросын Цэргийн дуу,чуулгын бүжгийн онцлогийг судлах, суралцах зүйл бий. Харин консерватори төгссөн хүүхдүүд цэргийн чуулгад орох юм бол яах аргагүй А.В. Александровын чуулгатай хамтарсан тоглолт хийх үе ирнэ. Энэ үед тэдний бүжгийн онцлогийг мэддэг байх нь чухал гэдэг үүднээс бид хичээлийн хөтөлбөртөө оруулаад явдаг.
Саяхан, хэдхэн жилийн өмнө А.В. Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулгад маш том гарц тохиосон. Маш авьяаслаг, сайн, алдартай дуучид, бүжигчид нь онгоцны ослоор бурхан болцгоосон. Одоо бол шинэ баг бүрэлдэхүүн бүрдсэн гэж ойлгож байгаа. Иймээс тоглолтыг нь үзэх хүсэл маш их байна. Сэтгэл догдлон хүлээж байна” гэсэн
Дашрамд сануулахад, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид ирэх даваа гаригт Монгол Улсад хүрэлцэн ирнэ. Харин тоглолт нь лхагва гаригт Д.Сүхбаатарын талбайд болно.