Саяхан хүн ам зүйчид энэ зууны дэлхийн хүн амын өсөлтийн урьдчилсан тооцоогоо өөрчлөн тэрбумаар нэмэв. Тэдний шинэ тооцоогоор энэ зууны сүүлч гэхэд дэлхийн хүн ам ес биш 10 тэрбумд хүрэх нь. Одоогоор дэлхий дахин хүн бүрт хүрэлцээтэй хүнс үйлдвэрлэж байгаа авч зохицуулалтын бодлого алдагдсанаас тэрбум гаруй хүн өлсгөлөн дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. Дээрх тооцоонд дурдсанаар ходоод хоосон хүмүүсийн тоо Азид хамгийн их нэмэгдэх хандлагатай бол хүн амын өсөлт Африкт хамгийн хурдацтай байна. Тус тивийн хүн ам ирэх 90 жилд гyрав дахин өснө гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.
Байдал хүндхэн байгаа нь үнэн ч өлсөж туйлдсан хүмүүсийг тэнхрүүлэх боломж бий. Өлсгөлөнгийн орон гэх нэрээс саяхан салсан Малави үүний тод жишээ. Дэлхийн хамгийн хөгжил буурай орны нэг гэгддэг энэ улсын 15 сая хүний 90 орчим хувь нь өдөрт хоёр ам.доллар хүрэхгүй мөнгөөр амь зуудаг. 2100 он гэхэд тус улсын хүн ам 132 саяд хүрэх тооцоо гарсан. Өнөөдөр малавичуудын 40 гаруй хувь нь нэн ядуу гэх давхаргад багтдаг нь тус улсын иргэдийн 70 хувь хөдөө нутагт аж төрдөгтэй холбоотой. Энэ нь тэдний аж амьдрал хөдөө аж ахуй, газар тариалангаас шууд хамааралтай гэсэн үг. Гэвч борооны улирлыг эс тооцвол арвин ургац хураах боломж бараг үгүй. Малавичуудыг хүнсний хомсдолоос аврах гурван ч арга сүүлийн жилүүдэд хэрэгжсэнээс хамгийн үр дүнтэй нь тариаланчдыг, тэр дундаа хамгийн хөдөлмөрч, санаачлагатайг нь дэмжих байлаа. Энэ саналыг анх гаргаж, хэрэгжүүлсэн Оксфордын их сургуулийн эдийн засагч Пол Коллиер хөдөө аж ахуйн уламжлалт тогтолцоо өөрчлөгдөх цаг ирсэн гэж үздэг нэгэн. Хот суурин газартай харьцуулахад хөдөөд бараа таваарын үнэ хямд, хөгжингүй орнууд бүрэн тогтолцоот хөдөө аж ахуйгүйгээр болсоор ирсэн зэргийг харгалзан тэрбээр газар тариаланд шинэчлэл хэрэгтэй гэж үзжээ. Доктор Коллиер Европын холбоо зэрэг олон улсын нөлөө бүхий байгууллагyудад генийн хувьд дээд зэрэглэлийн үр тариа боловсруулах, био түлшний үйлдвэрлэл, хэрэглээг нэн даруй зогсоохыг шаардаж, газар тариалангийн шинэчлэлийн асуудлыг албаныхны сонорт хүргэж чаджээ.
Коллиер нарын мэргэжилтнүүдийн зөв болох нь өдрөөс өдөрт батлагдаж байна. Ядуусын амьдрал ахуйг сайжруулъя гэвэл бэлэн мөнгө түгээж, бөөн бөөнөөр нь хот руу нүүлгэхээс илүү хувийн бизнес, амьжиргааны эх үүсвэрт нь хөрөнгө оруулах хэрэгтэй юм. Дэлхийн банкны 2008 оны “Дэлхийн хөгжил” тайланд дурдсанаар үнэхээр ч хувийн хэвшилд хөрөнгө оруулах нь сая сая хүнийг ядуурал, өлсгөлөнгөөс аварсан хамгийн үр дүнтэй арга гэнэ. Малавигаас эхлээд Энэтхэг, Бразил зэрэг олон улсын албаныхан газар, цэвэр усны зохистой хуваарилалт, технологийн дэмжлэг, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалт зэрэг нь ядуурал, өлсгөлөнг үндсээр нь устгах хамгийн зөв арга гэдгийг баталжээ. Гэвч хөгжлийг хойш татсаар ирсэн хуучинсаг бодлого, ядууст хөдөлмөрлөх боломж олгох нь зөв гарц гэдгийг үл тоомсорлох албаныхны хандлага зэргээс болж олон улсад ядуурал, өлсгөлөнгийн эсрэг тэмцэл үр дүнгүйдсээр байна.
Үүнийг өөрчлөхийн тулд хөгжиж байгаа орнуудын хөдөө аж ахуйн бодлогын түүхийг эргэж харах нь зөв болов уу. Олон улс дэлхийн II дайнаас өмнө колоничлогч орнуудын “талхны сав” байв. Харин тyсгаар тогтнолын эриний дараах жилүүдэд хөдөө нутаг хурдацтай хөгжөөгүй ч зарим нэг таагүй үеийг эс тооцвол нийтийн ахуй амьдрал, хүнсний бүтээгдэхүүний үнэ одоогийнхтой харьцуулахад хавьгүй тогтвортой, хямд байжээ. Хүйтэн дайны үед гадны фронтод өрсөлдөгчөөсөө илүү байхын тулд АНУ-ын Засгийн газар хөдөө аж ахуйн техник технологид ихэд анхаарч уринш, үрийн төрөл зүйл болон чанарт анхаарах болсон юм. Энэ бодлогын хүрээнд үржил шимт ихэнх газар нутаг газрын эзэд буюу хөрөнгөтөн, албаныхны гарт үлдсэн нь коммунистуудаас зай барихад чиглэж байв. 1968 онд энэхүү өөрчлөлтийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн мэргэжилтэн Уильям Годь Ногоон хувьсгал гэж нэрийдсэн нь өнөө ч хэвээр бүй. Сонирхолтой нь, хэрэгцээ шаардлагын хувьд Африкт илүү үгүйлэгдэж байсан Ногоон хувьсгал Азид илүү амжилт олжээ. Харин дэлхийн хэмжээнд хөрсний элэгдэл нэмэгдсэнийг Дэлхийн банк 1980-аад оноос сэрэмжлүүлж, хөрсийг технологиор “эмчилж” болно гэж зөвлөсөн хойно Рокфеллер сан (Ногоон хувьсгалын анхны санхүүжүүлэгч) 2006 онд Гейтсийн сантай хамтарч Африкийн Ногоон хувьсгалын эвсэл байгyулсан нь Африкт хөдөө аж ахуйг хөгжүүлэх, өлсгөлөнгийн аюулыг холдуулах орчин цагийн түүхэн дэх олон улсын анхны чухал хөтөлбөр болжээ.
Хүнс, хөдөө аж ахуйн асуудал яригдахад Африкийн хувьд хүйсийн тэнцвэрт байдал, нийгмийн харилцаа мөн яригдана. Хүнс тэжээлийн дутагдалтай хүмүүсийн 60 орчим хувь нь охид эмэгтэйчүүд, тэр дундаа африкчууд байдаг. Харин НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоогоор эрчүүдийн аж ахуйд хөрөнгө оруулахаас илүү эмэгтэйчүүдийн хувийн бизнест дэмжлэг үзүүлбэл эмэстэйчүүд эрчүүдээс бараг З0 хувиар их мөнгийг өрхийн орлогодоо нэмэрлэдэг байна. Энэ нь хөгжиж байгаа орнуудад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ дөрвөн хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Малавид гэхэд л эмэгтэйчүүдийн 90 хувь нь цагийн ажил хийдэг ч ижил төрлийн ажил эрхэлдэг эрчүүдээс 30 хувиар бага цалин авдаг байна. Энэ мэт нийгмийн тэгш бус байдал өлсгөлөн, ядууралтай шууд холбогдоно. Цалин багатай, ээлжгүй их ажилд нойр, хоолоо умартан ажилладаг эмэгтэйчүүдийн ар гэрт хоол тэжээлийн хомсдолтой хүүхдүүд байх нь олонтаа.
Мэдээж энэ нь Малавийн хилийн гадна ч хамаатай юм. Ялангyяа ядуурал, өлсгөлөнгийн голомт гэгддэг Сахаар орчмын бүс нутагт байдал хүнд хэвээр. Харамсалтай нь, дэлхийн хүн амын өсөлтийн гол хурдасгуур болсон Африкийн олон улс тус бүс нутагт оршдог. Тэгэхээр энэ бүс нутагт олон улс голлон анхаарал хандуулснаар нийтийг хамарсан өлсгөлөн, дэлхийн хэмжээний хүнсний хомсдолоос сэргийлж чадна гэсэн үг. Гэхдээ өлсгөлөнгийн эсрэг тэмцэлд хөрсний элэгдлийг судлах химич, агрономичдоос гадна социологич, биологич, этнографич, эдийн засагчид хүртэл хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолдог. Тэгээд ч хүн амын өсөлтийн тооцоо бүтэн тэрбумын зөрүүгээр өөрчлөгдсөн энэ үед ХХ зууны хөдөө аж ахуйн бодлогыг ч өөрчлөх шаардлагатай юм. Үүний тулд хамгийн түрүүнд буурай хөгжилтэй орнуудын ядууст, ялангyяа эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох нь чухал байна. Ирээдүй бидэнд юу зэхсэнээс үл шалтгаалан “Дэлхий хэдэн тэрбум хүнээ тэжээж чадах уу” гэдэг асуулт тун удахгүй “Бид үндэс угсаа, шашин шүтлэг, хүйсээс үл хамааран эрх тэгш хөдөлмөрлөж чадах уу”, “Илүү бүтээлч, овсгоотой нь ходоод, халаасныхаа аль алийг дүүргэх боломжтой юу” гэдэг асуулттай ижилсэж ирэх вий.
Г.Лхагвадулам
1 comment
хужааг цөөл