О.Баатаржав: Стрессээс үүсдэг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс манайд олширч байна

Монголын нийгэмд тулгамдаж байгаа асуудлын нэгд цаг үеээ даган хувьсаж буй нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлт багтана. Хэт төвлөрөлтөөс үүссэн стресс, авилга хээл хахууль цэгцэглэсэн нийгмийг буруушаасан бухимдал, ажилгүй орлогогүй байснаас үүдсэн хямрал зэрэг янз бүрийн бэрхшээлээс үүдсэн хүн амын сэтгэл зүйн өөрчлөлтийг бага багаар засах ёстой. Хүн амын сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарахгүйгээр нийгмийн хөгжлийг тодорхойлох аргагүй талаар сэтгэцийн эрүүл мэндийн салбарынхан хөндөж байна.

Мансууруулах бодис хэрэглэгчид ихэссэн. Тэдний олонхи нь өсвөр насныхан болон залуучууд. Хүчирхийлэл газар авсан гэх мэт муу мэдээг өдөр болгон сонсож дуулсаар хэвших үү, нийтээрээ нийгмийн сэтгэл зүйд гарсан өөрчлөлтийг засаж, хөгжлөө урагшуулах уу гэдэг асуудлыг бодлогын хэмжээнд сөхөн хөндөх цаг иржээ.

Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Стратеги төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал, Клиникийн профессор, Удирдахуйн ухааны магистр О.Баатаржавтай хийсэн ярилцлагыг уншигчиддаа хүргэе.

-Сүүлийн жилүүдэд танай эмнэлгийн ачаалал хэр ихэссэн бэ. Сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн, хүнд хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийн тоо нэмэгдсэн үү, буурсан болов уу?

-Яг тийм нарийн тоо хэлэх боломжгүй юм. Манай эмнэлэг шинээр оношлогдсон бас хэвтэн эмчлүүлсэн хүмүүсээ амбулатороор үзэж зөвлөгөө өгдөг. Сүүлийн үед нийгэмд стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэг ихэсч байна. Сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд очсон. Манайд стрессийг эмчлэх 30 ортой тасаг байдаг ч ачаалалаа дийлэхгүй байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн дараалал ихсэнэ үү гэхээс буудаггүй.

Манай тасгийг иргэд сэтгэцийн эмгэг, биеийн ядаргааг эмчилдэг сайн газар гэдгийг ойлгосон учраас ачаалал нэмэгдсэн. Бидний хөндөж байгаа сэтгэцийн эрүүл мэнд гэдэг асуудал бол улс оронд, нийгэмд, тэр дундаа өсвөр насныхан, залуучуудад маш их хэрэгтэй зүйл.

-Танай эмнэлгийн “Ядаргааны тасаг”-ийн талаар хүмүүс ам сайтай байдаг. Энэ тасаг яг ямар зориулалттай, ямар хүмүүсийг хүлээн авдаг юм бэ?

-Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиник гэсэн нэртэй эмчилгээний тасаг юм шүү дээ. Хүмүүсийн хэлж заншсанаар ядаргааны тасаг. Сэтгэл заслын болон, эмэн эмчилгээг хослуулж хийдэг. Нийгмийн сөрөг үзэгдлүүдээс болоод хүмүүст сэтгэлийн шалтгаант биеийн зовиур илрээд байна. Энэ төрлийн эмгэгийг уг нь өрхийн эмч оношлогдох боломжтой.

Мэдэгдэхгүй удаан явж байгаад нилээн хүндрэхэд нь манайд ирж хэвтдэг. Манай тасгийн ачаалал ерөнхийдөө ихссэн. Амбулатороор хэвтэн эмчлүүлэхээс гадна өдрийн цагаар эмчилж, зөвлөгөө өгч үйлчилдэг. Мөн архинд донтох эмчилгээний 30 хүний ортой  тасаг бий. Энд цагаан сар, наадам зэрэг баяр ёслолын дараа архинд донтох эмгэгтэй, архины шарталтын, замбараагүй хэрэглээтэй, хордлогонд орсон хүмүүс олноор ирж байна.

Нийгмийн сөрөг үзэгдлүүдээс болоод хүмүүст сэтгэлийн шалтгаант биеийн зовиур илэрч байна гэж Та хэллээ. Сэтгэл гутралд орсон гэдгээ хүн өөрөө мэдэх боломжтой юу. Ойр орчны хүмүүс нь урьдчилаад мэдэх боломжтой юу?

Өнөөгийн нийгмийн өөрчлөлт хувьсал, цаг үеийн байдалтай холбоотойгоор стрессээс үүсдэг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс манайд олширч байна. Өр зээлээ төлж чадахгүйд хүрэх, ажлаас халагдах, бухимдах гэх мэт олон шалгаанаас болж хүн өөртөө итгэлгүй болж сэтгэл гутралд орж болно. Мэдээж энэ нь үргэлжлэх хугацаатай.

Хамгийн цаад хугацаа гурван сар. Үүнээс цаашаа олон сар үргэлжилвэл амиа хорлоход хүргэх аюултай. Амиа хорлох тухай бодсон хүн ойр орчныхондоо ямар нэг байдлаар илэрхийлж байдаг. Үүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Дэлхийд жилдээ 500 гаруй хүн амиа хорлодог гэсэн судалгаа байдаг.

Сэтгэл гутралаа даван туулах, үүссэн асуудлаа шийдвэрлэх арга зам маш олон байдаг ч хүмүүс үүнийг тэр бүр анзаарахгүй байна. Хамгийн оновчтой арга бол бусадтай ярилцах, сэтгэлзүйчээс зөвлөгөө авах юм. Ингэснээр итгэх итгэл нэмэгдэнэ, стрессээс хамгаалах дархлааг өөртөө бий болгож байна гэсэн үг.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хууль зүйн яамтай хамтраад 1800-2000 гэсэн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх утсыг 24 цагаар ажиллуулж эхлэсэн. Сэтгэл гутрал үүссэн гэж үзэх л юм бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Сэтгэл заслын эмчилгээ нь засрал сайжрал хурдан авдаг төгс эмчлэгдэх бүрэн боломжтой гэдгийг бас хэлэх нь зөв байх.

-Сэтгэцийн эмчийн хувьд энэ бол таны эмзэглэж явдаг асуудлын нэг байх. Ажиглаж байхад сүүлийн үед сэтгэцийн ямар эмгэг давамгайлж байх шиг байна?

-Хөндөхгүй байж болохгүй, хөндүүрлэж явдаг хэд хэдэн зүйл байна. Сүүлийн үед аливаа зүйлд дасан зохицох чадвар муутай хүмүүс ихсээд байна уу гэж харагдах болсон. Жишээ нь архинд донтох асуудалтай эмэгтэйчүүд олон болсон. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1999 онд 11 аймаг, 9 дүүрэгт хийсэн судалгааг 2013 оны судалгаатай харьцуулж хэлье л дээ.

Архинд донтох эмгэг 40 хувь өссөн байна. Гэхдээ хүмүүсийн санааг бас зовоож болохгүй. Сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэг бол эдгэрдэг өвчин гэдгийг хэлж ойлгуулах нь зөв байх.

Сэтгэцийн тулгамдсан асуудал гэж нэрлээд байгаа энэ өвчнийг гадаад болон дотоод шалтгаантай гэж хоёр ангилдаг. Дотоод шалтгаан гэвэл хэвтэн эмчлүүлдэг, хөдөлмөрийн чадвараа алдсан өвчтнүүдийг, харин гадаад шалтгаан гэвэл тулгамдсан асуудалтай хүмүүсийг хэлдэг.

Үүнээс гадна манайд мансууруулах бодис хэрэглэсэн залуучууд маш их ирж байна. Өдөрт л бараг зургаан хүн манай хаалгаар орж ирж байгаа. Архи гэдэг зүйлийг бид их ярьдаг байсан бол одоо сэтгэцэд нөлөөтэй буюу мансууруулах бодист донтдогчдын асуудлыг яаралтай хөндөж, хор хөнөөлийг нь олон нийтэд таниулах ёстой болж ирлээ.

Манууруулах бодисыг  монголд голдуу “мөс” гэж ярьдаг л даа. Үүн дээр нэмээд залуучууд “мариухан” буюу өвсийг хэрэглэх нь элбэг болсон. Мөсийг химийн аргаар гаргаж авдаг, Хятдаас голдуу орж ирдэг харин өвс нь бол байгалийн гаралтай ургамал. Бидний гол явуулж байгаа бодлого архи тамхины мансууралт тэмцэх.

Тиймээс архи тамхины архаг хэрэглээтэй хүмүүсийг түр хойш тавьж, өсвөр үеийнхэн рүү илүү анхаарлаа хандуулж байна. Учир нь хар тамхи, мансууруулах бодис, PC game буюу цахим интернэтийн сүлжээгээр хоорондоо холбогдон тоглодог тоглоомууд хөгжихийн хирээр хөгжлөө дагаад өсвөр үеийнхэн маш их донтон хэрэглэж байгаад эцэг эхчүүд ч, багш сурган хүмүүжүүлэгчид ч, хуулийн байгууллага ч, эрүүл мэндийн салбарынхан ч анхаарах ёстой болж байна.

Хэвлэл мэдээллийнхэн та нар ч гэсэн хар тамхи татсан хүн баригдлаа гэж мэдээлэх биш хар тамхины хэрэглээ хүний биеийн эрүүл мэндэд ийм хортой. Гэр бүлийн болон хувь хүний эдийн засагт ч ийм хортой. Цаашлаад нийгэмдээ асар муу үр дагавар авчирдаг гэдгийг ойлгуулвал илүү үр дүнтэй байх болов уу гэж боддог юм.

-2000 оноос хойш бол дэлгэцийн дон, PC game тоглоомын дон яригдах болсон. Сүүлийн үед энэ сэдэв бас хөндөгдөх нь бага болж. Ийм төрлийн дон багассан юм болов уу?

-Манай эмнэлэгт 3 настайгаас эхлээд янз бүрийн насныхан ирж эмчлүүлж байна. 2000 оны эхээр анх гарч эхлэсэн тоглоомонд донтож байсан хүмүүс одоо ч ирдэг. Нийгэм цаг үеэ дагаад утас, компьютер, интернэт, цахим мэдээлэл солилцогч их болсноор хүүхэд, залуучууд энд ихэнх цагаа зарцуулдаг болж.

Үүнийг хөгжил дэвшлийн явцад гардаг гажуудал гэж харж болох юм. Хүүхдүүд интернэт тоглоомонд донтох, хүчирхийлэл, алаан хядлагатай кино үзэх, олон цагаар дэлгэц ширтэх нь стрессэнд оруулах шалтгаан болдог. Энэ донтолтоос үүдэн “Цэнхэр халим” гэж тоглоомноос болж амиа хорлосон тохиолдол байсан шүү дээ.

-Донтолттой, муу зуршилтай сэтгэцийн эмгэг гэсэн оноштой өвчтөнд ямар төрлийн эмчилгээ хийлгэдэг вэ?

-Ерөнхийдөө зуршлыг дон гэж нэрлэдэг. Бодисын дон буюу архи, тамхи, газ харин нөгөө нь зан үйлийн дон буюу зуршлын дон гэж хоёр ангилдаг. Дуршлыг бууруулахын тулд сэтгэл заслын болон эмэн эмчилгээ хийдэг. Орос улсаас ирдэг байсан эмнүүд маань гаж нөлөө үзүүлдэг байснаас болоод эмчлүүлэгчид уухааас татгалздаг эмчилгээний үр дүн багатай байсан юм.  Эмэн эмчилгээнийхээ үр дүнг сайжруулахын тулд “Ази-Фарм” эмийн компани Солонгос улсын эмийн компанитай хамтран шинээр өөрсдийн төсөвт тааруулан гаж нөлөө багатай эмнүүдийг үйлдвэрлэн хэрэглэж байна.

-Сүүлийн үед амиа хорлох үзэгдэл ч их болж. Энэ бас хувь хүний сэтгэл зүйн өөрчлөлтөөс шалтаалдаг уу, өөр хөндлөнгийн нөлөө байдаг юм болов уу?  

-Амиа хорлодог хүмүүсийн 90 хувь нь сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс байдаг. Тулгамдсан асуудалтай байгаад түүнийгээ шийдэж чадахгүй, дасан зохицох чадвар муутайгаас болж ийм тохиолдол үүсдэг. Үлдсэн 8-10 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байх тохиолдол бий.

Өөр нэг хөндөх ёстой сэдэв бол нойргүйтэл. Энэ бол цэвэр стрессээс үүдэлтэй. Стрессийн хамгийн том шинж тэмдэг бол толгой өвдөх, зүрх өвдөх. Ерөнхийдөө мэдэрлийн ядаргаа маш ихэссэн байна гэсэн үг. Хүн ажил, амьдралаа ялгаж салгаж чадахгүй жишээ нь амарч байгаа үедээ ажлаа боддог зэргээс болж нойргүйдэлд ордог. Нойргүйдлийг хоёр ангилдаг гүн нойр ба өнгөц нойр. Өнгөц нойртой хүн унтаж байхдаа эргэн тойрны зүйлсийг мэдээд, сонсоод байдаг харин гүн нойртой хүн бол үүний эсрэг байдаг.

Стресстэй хүн өнгөц нойртой байх нь элбэг, хичнээн цаг унтаад ч бие нь амардаггүй харин гүн нойртой хүн бол нэг цаг ч бай, хоёр цаг ч бай бие нь амраад сайхан болдог. Энэ бүхэн нийгмийн сөрөг үзэгдлүүдээс үүсч байгааг дээр хэлсэн. Эцэст нь хэлэхэд ер нь хүн амын сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хувь хүн бол гэр бүл ойр дотныхоо хэмжээнд, байгууллагууд бол бодлогын хэмжээнд анхаараад явах нь зөв байх.

Б.Энхмаа

  1. Эрүүл сэтгэцтэй
  2. Тулгамдсан асуудалтай
  3. Сэтгэцийн эмгэгтэй” гэж хуваадаг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсоноор:

Эрүүл хүн гэдэг нь:

  • Бие бялдарын хувьд,
  • Нийгмийн оюун санааны хувьд,
  • Сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой гэсэн байдаг.

Хүн ямар ч асуудалд орж болно жишээлбэл; эцэг эх нь гэнэт нас барах, аваар осолд орсноос болж шоронд ч орох гэх мэт асуудлууд сэтгэцийн эмгэг үүсгэх нөхцлийг бий болгодог бөгөөд ийм үед хүндрэхээс нь өмнө мэргэжлийн эмчид хандах ёстой аж.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “О.Баатаржав: Стрессээс үүсдэг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс манайд олширч байна

  1. Зочин 2019-08-26 22:29 at 22:29

    Сэтгэл гутрал стрессээр дамжин сэтгэцийн өвчлөл үүсдэг

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн