Согтууруулах ундаа хэрэглэсэн Олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн хэрэг гараад 4 сар өнгөрч байна. Э.Энхбат Солонгост эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд, эмчилгээний зардал хүрэлцэхгүй байгаа тухай яригдаж байсан. Өнөөдөр Э.Энхбатын эхнэр цахим хуудсаараа дамжуулан Н.Түвшинбаяр эмчилгээний зардал төлөхгүй зугтаж байгаа тухай мэдэгдлээ.
Б.Нандинцэцэг: Н.Түвшинбаяр теннис тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйж байна. Тэд маань бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео коллоор хараад “Аав минь одоо босоод ирээч” гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсыг минь арчиж аргадаж байна. Тэднийгээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань бол зүгээр хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм” гэсэн зурвасыг үлдээжээ.
Н.Түвшинбаяр энэ хэргийн улмаас Ганцхудагт саатуулагдан хоригдож байгаад тавдугаар сарын 20-нд эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахаа хязгаарлуулж, урьдчилан хоригдох төвөөс суллагдсан юм.