Монгол Улсын хэмжээнд хот, хөдөөг хамарсан 3000 гаруй түрээсийн орон сууж байгаа. Түүний 2000 гаруй нь Улаанбаатар хотод байдаг. Буянт-Ухаа-1, Буянт-Ухаа-2, Хангай хотхонд түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Засгийн газар Хангай хотхоны түрээслэгчдэд гурван асуудлыг тавьсан гэж Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа мэдэгдлээ.
Иргэд өнөөдрийн байдлаар орон сууцаа 240-400 мянган төгрөгөөр орон сууцаа түрээсэлж байгаа. Энэ журам 2017 онд гарсан. Үүний дараа иргэд байраа түрээсэлж байгаад өөрийн болгох боломжийг бий болгосон. Түрээсээр өмчлөх журамд иргэдэд хоёр боломжийг өгсөн.
- Иргэн та үндсэн түрээсийн мөнгөнөөс гадна урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж болно.
- Иргэн та тодорхой хугацаанд түрээсийн мөнгөнөөс илүү мөнгө төлж байгаад оршин сууж байгаа байраа өмчлөөд авч болно. Ийм хоёр боломжийг олгосон.
Сүүлийн үед түрээсийн орон сууцанд амьдардаг хэсэг иргэд Хангай хотхоны түрээсийн орон сууцны зөрүүтэй холбоотой асуудлыг гарган тавьж байгаа. 2016 оны тавдугаар сарын 31-ны Засгийн газрын хуралдаанаар тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд даалган Бэрэн хотхоноос 15 тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авах тогтоолыг баталсан байдаг.
Ингээд Бэрэн компанийн барьсан Хангай хотхоноос 7974 м/кв орон сууц худалдан авсан бөгөөд 1 м/кв-ын үнэ нь тухайн үеийн ханшаар 1.8 сая төгрөг болж байгаа. Тухайн үедээ төрийн албан хаагчид, байгууллагууд иргэдтэй гэрээ байгуулахдаа гэрээний хавсралт болох мэдэгдэл гэдэг дор орон сууцны 1м/кв нь 1 сая 280 мянга байх мэдэгдэл өгсөн байдаг.
Тиймээс энэ гэрээний асуудалтай холбоотойгоор тодорхой албан тушаалтнуудыг хууль хүчний байгууллагууд шалгаж байгаа гэсэн мэдээллийг БХБ-ын сайд өглөө.
Түрээсийн орон сууц эзэмшиж байгаа иргэд “Бид таван жил байраа түрээслэнэ. Төлж байгаа түрээсийн мөнгөө тухайн байрыг өмчилж авах урьдчилгаанд тооцуулмаар байна” гэсэн саналыг гаргаж байгаа талаар сайд Б.Мөнхбаатар мөн ярьлаа.
Гэвч ийм боломж байхгүй. Түрээслэгч хүн түрээсийн мөнгөө байрны үндсэн мөнгөнд төлөх эрх зүйн боломж байхгүй. Түрээслэгчийн байранд төлж байгаа мөнгө тухайн байрны СӨХ болон бусад ашиглалтын зардалд төлсөн болохоос тэрийг урьдчилгаа 30 хувьд төлөх эрх зүйн боломж байхгүй гэдгийг мэдэгдэв. Нөгөө талаар иргэд түрээсийн байранд амьдрах 5 жилийн хугацааг 15 жил болгон нэмэгдүүлж өгөх хүсэлт ирүүлж байгаа аж.
Өнөөдөр мөрдөж байгаа журам дээр түрээсийн орон сууц нь улсын төсвийн хөрөнгөөр баригдсан бол, тухайн хүн байраа өмчилж авахыг хүсвэл мөнгөө таван жилийн дотор төлнө хэмээн заасан байдаг. Хэрвээ гадаадын зээл тусламжаар барьсан бол 15 жилийн хугацаанд төлнө гэсэн байгаа. Тиймээс энэхүү журамд өөрчлөлт оруулах боломж байгаа эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, санхүүгийн боломж байгаа эсэх асуудлаар Сангийн сайдтай ярилцах гэж байгаа гэж сайд Б.Мөнхбаатар мэдэгдлээ.