Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Засгийн газар өнөөдөр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцан ажиллах Ашиглалтын өмнөх захиргааг байгуулахаар шийдвэрлэжээ. Монгол Улсад хамгийн сүүлд 1980 онд Багануур хотыг байгуулах шийдвэр гарсан байдаг.
2020 онд УИХ-аар Хөшигийн хөндийд Шинэ зуун мод хот болон Майдар хотыг байгуулах шийдвэр гарсан. ИнгэснээрШинэ зуун мод, Майдар, одоогийн Зуун мод, Сэргэлэн зэрэг орон нутгийн зэрэглэлтэй гурван хот байршиж буй Хөшигийн хөндийд урьдчилсан судалгаагаар 150 мянга орчим хүн амьдарна гэж тооцож байгаа аж.
Ундны усны нөөцийн судалгааг хийгээд ийм тооцоо гаргасан гэж Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ярьж байна. Ирэх жилүүдэд Хөшигийн хөндийд төмөр зам, авто замын сүлжээ, газар дээгүүрх болон доогуурх инженерийн сүлжээ, хоёр цахилгаан станц гэх мэт байгууламжууд баригдаж, үүний араас нэгдсэн төлөвлөлтийн дагуу хот байгуулах ажил эхлэх юм байна.