Энэ жил улсын хэмжээнд 361 мянган га-д үр тариа тариалаад байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээллээ.
Одоогийн төлөв байдлаас урьдчилан харахад Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац олон жилийн дундаж буюу хэвийн байх аж. Харин Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн зарим сумдад нарны хэт халалт, гангийн улмаас тухайн бүс нутгуудад ургац бага зэрэг буурах төлөвтэй байна.
Наймдугаар сарын 25-ны өдөрт багтаан ургацын урьдчилсан балансыг нарийвчлан гаргаж, үр дүнд суурилан холбогдох ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар тэрээр Улсын Онцгой комиссын хуралдаан дээр мэдэгдэв.
Цааш нь тэрээр мэдээлэхдээ, энэ наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд гоц халдварт өвчний гаралт байхгүй, тайван байна гэв. Энэ нь өнгөрсөн оноос эхлэн мал эмнэлгийн босоо тогтолцоог бүрдүүлж жил гаруй ажилласны үр дүн гарч байна гэдгийг онцолж байв.
Хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор мал төллөх болон ургац хураах хугацаанд стратегийн хүнсийг экспортлож, импортлохгүй байх зохицуулалтыг Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдээд буйг хэлж, ургац хураах үед стратегийн хүнс экспортлохгүй, импортлохгүй гэдгийг салбарын сайд албан ёсоор мэдэгдлээ. Мөн энэ жил улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 100 мянган тонн тэжээл бэлтгэх талаар мэдээллээ.