LED (Light-emitting diode) гэрэл нь 1вт цахилгаан энергийг 90-112 люмен болгож хувирган харьцангуй бага энерги зарцуулж, 40-50 жил ажиллах чадвартай бөгөөд хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй. LED гэрлийг бүдгэрүүлж, тодосгож болдгоос гадна хөдөлгөөн, чичиргээнд тэсвэртэй, хөнгөн, ганддаггүй материалтай мөн олон төрлийн өнгөний сонголттой байдаг.
CFL (Compact fluorescent light) гэрэл буюу бидний нэрлэж заншсанаар өдрийн гэрэл нь 1вт цахилгаан энергийг 40-70 люмен болгож хувирган 8-10 жил ажиллах боломжтой. CFL гэрэл нь нь нэг төрлийн өнгийн гэрэлтүүлэгтэй, сонголт муутай байсан ч технологийн сайжруулалтын үр дүнд гал тогооны өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөөний гэрэлтүүлэг гэх мэтээр олон төрлийн гэрэлтүүлэх чадвартай болж хөгжсөн. CFL гэрлийн дутагдалтай тал нь гадны нөлөөнд маш эмзэг, хадгалахад хүндрэлтэй бөгөөд мөнгөн ус агуулдаг. Хагарсан тохиолдолд битүүмжилж хаях хэрэгтэй. Ил хаяхыг хориглоно.
Halogen буюу Улайсдаг гэрэл нь 1вт цахилгаан энергийг 10-17 люмен болгож хувиргана. Европын холбооноос 2018.09.01-ээс улайсдаг гэрлийн чийдэнг үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон. Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг улайсдаг гэрэл нь цахилгаан зарцуулалт өндөр, эдэлгээний хувьд богино, өөрт тохирсон тусгай өнгө сонгох боломжгүй бөгөөд халалт үүсгэж хана, таазанд өнгөр тогтоодог сул талтай.
Улайсдаг гэрлийн хэрэглээ нь эрчим хүчний зарцуулалт өндөр тул эрчим хүчний сүлжээний ачааллыг нэмэгдүүлж агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд нийслэлчүүдээ улайсдаг гэрэл хэрэглэхээс татгалзахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР