Израилын “El Al” агаарын тээврийн компанийн Нью-Йорк-Израилын чиглэлийн нисэх онгоцны үйлчлэгч улаан бурханы халдварын улмаас нас барсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нислэгийн үеэр 43 настай эмэгтэйн биеийн байдал гэнэт тавгүйтсэн бөгөөд тэрбээр халдварыг хаанаас авсан нь тодорхойгүй байгаа аж.
15 жилийн турш улаан бурханы халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй Израилд өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш уг халдварын улмаас нас барсан гурав дахь тохиолдол энэ болжээ. 2018 оны сүүлээр нийслэл Йерусалим хотод 18 сартай хүүхэд, 82 настай эмэгтэй улаан бурханы улмаас нас барсан байна.
“Нэрийг нь нууцалсан онгоцны үйлчлэгчийн халдвар хүндэрч, тархийг нь гэмтээсэн бөгөөд ухаангүй байсаар нас барсан” гэж Израилын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Улаан бурханыг дэлхий дээрх хамгийн өндөр тархалттай халдварт өвчин хэмээн үздэг боловч саяхныг хүртэл тархалтын тоо буурсаар байсан юм.
Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд улаан бурханы эсрэг вакцинжуулалтыг сайтар явуулсны дүнд олон улс оронд уг халдварын тархалт бараг зогсоод байсан хэдий ч сүүлийн жилүүдэд халдвар дахин нэмэгдэх болсон билээ. Түүнчлэн 2000 онд улаан бурханы тархалтыг бүрэн зогсоолоо хэмээн АНУ-д зарлаж байсан хэдий ч 2017 оноос хойш уг халдварын тохиолдол олноор бүртгэгдэх болжээ.