Д.Нарантуяа: Нийслэлийн хөрсний нянгийн бохирдол нэмэгдсэнийг судалгаагаар тогтоосон

Үерийн дараах хөрсний бохирдол түүнтэй холбоотой гардаг халдварт өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.НАРАНТУЯАТАЙ ярилцлаа.

-Улаанбаатар хотод 216 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Үүнээс хэд нь нүхэн жорлонтой вэ?

-Нийслэл хот тогтцын хувьд өвөрмөц, бид дөрвөн уулын дунд амьдардаг. Төв суурин хэсэг нь Улаанбаатар хотын хотгор хэсэгт байрлаж, уулаа дагаад гэр хорооллоор хүрээлэгдсэн байдаг. Гэр хорооллын өрхийн 90 гаруй хувь нь нүхэн жорлонтой гэсэн судалгаа бий. Тэгэхээр үерийн ус эдгээр нүхэн жорлонг дүүргэнэ. Усны хаялга өндөрлөг газраас нам дор газар руу урсгал болж, орж ирдэг. Энэ тогтоц нь гэр хорооллын нүхэн жорлонгийн ус төв суурин газар руу урсч орж ирэх нөхцөл болж байна.

Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд амьдрахын тулд бид хашаандаа барьж ашиглаж байгаа жорлон болон муу усны нүх барих, үнс хогоо зайлуулах аргаа өөрчлөх хэрэгтэй. Ил задгай биш стандартын шаардлага хангасан, үерийн усаар урсаад явчихгүй, агаарт тоос болон дэгдээд байхааргүй битүү, зохих технологиор нь татаж авч, зөв зайлуулж цэвэрлэж болдог жорлон, муу усны нүхтэй, хог үнсээ зайлуулдаг арга технологи руу нийтээрээ шилжих ажлыг л яаралтай хийх хэрэгтэй.

Айл өрхийн түвшинд хувь хүн, иргэд өөрсдийн санаачилгаар эрүүл ахуйн шаардлага хангасан иүхэн жорлонг барьж ашиглаж болно.Үүнд нь төр засгаас бодлогоороо дэмжиж, холбогдох салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах нь чухал байна. Энэ нь нөгөө талаасаа дэд бүтэц, инженерчлэлтэй холбоотой учраас Барилга хот байгууллалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хөрсний бохирдлыг бууруулах бодлогын баримт бичигт тусгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах талд хамтран ажиллах хэрэгтэй байна. Хог хаягдлын болон Эрүүл ахуйн тухай хуульд хөрсийг бохирдуулахгүй байх талаар тусгасан заалтын талаар хүн амын дунд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хичээн ажилласаар л байна.

-Нийслэлд хүн амын төвлөрөл хамгийн их. Иргэд гуу жалга гэлтгүй хаа сайгүй амьдарч байна. Гудамжиндаа гараад л үнс угаадсаа асгаж, хогоо ил задгай хаячихдаг. Энэ бүх бохирдол нийслэлд үерийн устай хамт ороод ирдэг гэж ойлгож болох нь. Үерийн усаар дамжаад ямар өвчин тархах эрсдэлтэй вэ?

-Үерийн устай хамт хүний өтгөн шингэн урсаад орж ирж, газар тэр чигтээ бохирдоно гэсэн үг. Савханцар, элдэв бактер, гэдэсний болон малаас хүнд халдах халдварт өвчин үүсгэгч нян, шимэгч хорхой үерийн усаар зөөвөрлөгддөг. Мөн автомашины дугуй, хүний гутлын улаар халдварт өвчин үүсгэгч нян зөөж байдаг. Бороо арилаад нар гарах үед үерээр үүссэн бохир ус хөрсөнд шингэж хатаад эргээд тоосонцор болж, агаарт дэгдэнэ. Агаарт дэгдсэн энэ тоосонцор мөн л олон төрлийн өвчлөл үүсгэх аюултай. Ялангуяа үерийн ус ихтэй нөхцөлд гэдэсний халдварт өвчин ихсэх магадлал өндөр болдог. Тиймээс гараа сайтар угааж, гадуур хувцсаа сольж, гэртээ орохдоо гутлаа тайлж, сольж хэвших хэрэгтэй. Үгүй бол та гэртээ өвчин зөөж орж байна гэсэн үг.

-Үерийн ус хөрсний бохирдлыг маш ихээр нэмэгдүүлдэг байх нь ээ?

-Хөрс өөрөө байгалиараа ариутгал, цэвэрлэгээ хийж байдаг системтэй. Сонирхуулахад, хүн бий болсноос хойш 880 гаруй тэрбум хүн бий болжээ. Одоогоор долоон тэрбум гаруй хүн дэлхийд амьдарч байна. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын төлөв байдалд хийсэн 2017 оны судалгаагаар үнэлгээнд хамруулсан хөрсний дээжийн 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрч, хөрсний бохирдпын зэргээр “их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Нийслэлийн ихэнх хөрс цэвэрлэх, ариутгах, шүүх үүргээ биелүүлж чадахгүй болсон. Жишээ нь, хөрсөнд сүрьеэг үүсгэгч савханцар зургаан сар хүртэлх хугацаанд амьдрах чадвартай байдаг. Гэтэл нийслэл орчмын хөрс энэ үүсгэгчийг устгаж чадахгүйд хүрээд байгаа юм.

– Орон нутагг ч ялгаагүй хөрсний бохирдол их хэмжээгээр үүссэн байх. Танай байгууллагад энэ талаар гаргасан судалгаа бий юү. Жишээлбэл, нийслэлээс гадна ямар аймаг, орон нутгийн хөрсний бохирдол их байгаа бол?

-Хөрсний бохирдол үүсгээд байгаа шалтгааны нэг нь хотжилт юм. Улаанбаатар хотод 2016 онд хийсэн судалгаагаар, хөрсөнд хар тугалгын агууламж зарим газар стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.35 дахин, хүнцлийн агууламж 2.52 дахин, Дархан хотонд 1.9 дахин ихэссэн байна. Улаанбаатар, Дархан хотын хөрсөнд гэдэсний халдвар үүсгэгч Е.coli нянгийн бохирдол их байна. Энэ нь бага насны хүүхдийн суулгалт халдварын өвчлөлтэй хамааралтай. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хөрсний нянгийн бохирдол жил тутам нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоосон.

Г.Нямсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн