Дотоодын нислэгийн тийзийн үнийг үе шаттай бууруулах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлууд шат дараалалтай хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд ирэх 9 дүгээр сарын нэгний өдрөөс “Аэромонголиа” авиа компани орон нутгийн чиглэлийн бүх ангиллын тийзийн үнийг дахин 10 хувь бууруулахаар төлөвлөж байгаагаа ИНЕГ-ын даргад мэдэгдлээ.
Тус компани өнгөрөгч долдугаар сарын 26-ны өдөр мөн орон нутгийн бүх чиглэлийн, бүх ангиллын тийзийн үнийг 10 хувиар бууруулах шийдвэр гарган хэрэгжүүлээд байсан юм. “Аэромонголиа” авиа компани нь Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн чиглэлүүдэд ERJ-145 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлдэж байна гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.