Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хоттой өнгөрөгч тавдугаар сард ах, дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэсэн билээ. Хамтын ажиллагааны хүрээнд хийх анхны ажлаа эдийн засгийн бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаагаар эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
2019 оны есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Братск хотод болох тус бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн төр, захиргааны байгууллага болон худалдаа үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын салбарын төлөөлөл бүхий нийт 50-иад хүн оролцоно.
Аймгийн ЗДТГазрын дарга Ч.Энхбат өчигдөр (2019.08.13) Братск хотыг зорих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд удирдамж, хөтөлбөрийг танилцуулж, хэрхэн бэлтгэл хангаж оролцох талаар чиглэл өглөө.
Эдийн засгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад Братск хотын зүгээс ихээхэн анхаарал тавьж байгаа төдийгүй хил гаалийн асуудлыг зохицуулах зэргээр бүхий л бэлтгэлийг хангаж байгаа аж. Мөн тус хотын зах зээлд Дархан нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг таниулах, зарж борлуулах зорилгоор Дарханы худалдааны төвийг байгуулж ажиллуулахаар төлөвлөсөн байна.
1 comment
ОХУ-ын холбогдох хууль дүрмийг сайтар судлаж байж болсон болоогүй төлөвлөгөө энэ тэрээ гарга л даа. Зүгээр бодоод л Худалдааны төв байгуулна гэж юу байх вэ. Дархан хотын өдрүүд гэж зохион байгуулж яармаг худалдаа гаргах нэг өөр, байнгын ажиллагаатай төв байгуулах асуудал өөр шүү. 2 улс Засгийн газар хооронд хэлэлцээд тийм юм байгуулж чадахгүй байгааг анзаарахгүй, мэдэхгүй байна уу.